“Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим сонины “ТХБ-нэг сэдвээр” хэсэг “Хувьсаж буй боловсрол”-ыг онцолж, ярилцлага, нийтлэлээ 2023 онд цувралаар хүргэх юм.
Эхний зочноор БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунааг урьж ярилцлаа.
-Ер нь дэлхий нийт хувирган өөрчлөх арга хэлбэрийг яагаад сонгож байна. 2030 он хүртэл боловсролыг хэрхэн өөрчлөх юм бол?
Дэлхий ертөнцийн өнөөгийн нөхцөл байдал, улс хооронд гарч буй шударга бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд залуучуудын идэвхтэй санаачлага, хөдөлгөөн зэргээс үүдэн боловсролыг хувьсган өөрчлөх замаар дэлхий нийтээрээ тогтвортой хөгжил бүхий шударга ирээдүйг бий болгох шаардлагатай нүүр тулж байна. Дэлхийн орнууд бүх хүнд тодорхойгүй ирээдүйд ажиллаж амьдрахад шаардлагатай мэдлэг, чадварыг насан туршдаа суралцах боломжийг олгох чиглэлээр боловсролыг хувьсган өөрчлөх хэрэгцээ байгаа талаар хэлэлцэж байна. Технологийн хурдтай хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт зэрэг нь хүн нэг ур чадвараараа удаан хугацаанд ажиллаж амьдардаг байдлыг өөрчилж байгаатай уялдуулан боловсрол эзэмших, сурч хөгжих нь хүний амьдралын тодорхой үеэр хязгаарлагддаг биш хэрэгтэй үедээ шаардлагатай мэдлэг, ур чадвараа эзэмших хэрэгтэй болж байна.
ТЭР ДУНДАА БОЛОВСРОЛ, СУРАЛЦАХУЙД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БҮЛГЭЭС ЭХЛЭН ТЭГШ БОЛОМЖИЙГ ОЛГОХ НЬ ТЭРГҮҮЛЭХ ӨӨРЧЛӨЛТ БОЛЖ БАЙНА
Боловсролыг хувьсган өөрчлөх өөр нэг хүчин зүйл нь ядуурал, хүйсийн болон нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй сурч, боловсорч чадахгүй байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа явдал юм. Үүн дээр нэмээд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй боловсролын хүртээмж, чанарт бий болсон тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, мөргөлдөөн, хүчирхийлэл нэмэгдэж байгаа явдал боловсролыг эргэж харах хэрэгцээ байгааг илтгэж байна. Ийм учраас боловсролын чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулалт түлхүү хийхийг шаардаж байна. Дижитал технологийг боловсрол, сургалтад ашиглах боломжтой байгаа нь сургалтын зохион байгуулалт, хэлбэрт илүү олон боломжийг бий болгохоор байна. Гэхдээ хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай байгаа юм. Ингэхдээ нэн тэргүүнд зорилтот бүлэгт хөрөнгө оруулалт хийх, үнэгүй, чанартай цахим агуулга хөгжүүлэх, сургалтын арга зүйн инноваци, өөрчлөлтийг хийхэд голлон ажиллах шаардлагатай байна.
-Монгол Улс өнгөрсөн 09 дүгээр сард болсон “Хувьсаж буй боловсрол” сэдэвт НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар дижитал шилжилт ба түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчилж буй үйл явц, төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ үйл ажиллагааны үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ?
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеришийн ивээл дор зохион байгуулагдах “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтыг угтан Монгол улсын БШУЯ-наас НҮБын суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, болон НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр БШУЯ-ны манлайлал дор Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн /БСҮХ/ үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг үе шаттайгаар олон талын оролцоог ханган зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын хүүхэд, залуучууд, багш, судлаачид, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, ялангуяа КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй боловсрол, сургалтын хоцрогдол, алдагдсан боломжийн талаар хэлэлцэж, ирээдүйн боловсролын дүр төрх, алсын хараа, амлалтыг тунхагласан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон талуудын саналд үндэслэн “Үндэсний амлалт” баримт бичгийг боловсруулж ЮНЕСКО-д хүргүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид КОВИД-19 цар тахал нэг үеийн боловсролын хоцрогдолыг бий болгож, тэдний ирээдүйн боломжид сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг анхаарах, боловсролын хоцрогдлоос гадна урт хугацаанд сургалтын байгууллагыг хаасан явдал нь залуу үеийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах талаар санал дэвшүүлсэн.
МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН ХАМРАН СУРГАЛТ ЕРӨНХИЙ ДҮНГЭЭР ӨНДӨР БАЙГАА БОЛОВЧ ЯЛГААТАЙ БҮЛГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ТЭГШ БОЛОМЖ БҮРДЭЭГҮЙ БАЙНА
Энэ ялгааг арилгах чиглэлээр бүх суралцагчдад хүртээмжтэй, үнэгүй цахим сургалтын сан бүрдүүлэх, TВ хичээлийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хөгжлийн донор байгууллага болон тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй хамтран эмзэг бүлгийн болон малчин хүүхдэд ухаалаг төхөөрөмж олгох, оператор компаниудтай хамтран интернэтийн хурд, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. Хэдий тийм боловч газар зүйн байршил, хэл соёлын ялгаа, хөгжлийн бэрхшээл, үндэсний цөөнх, нийгэм эдийн засгийн ялгаа, жендер, шилжилт хөдөлгөөн, дижитал хуваагдал зэрэг нь боловсролын бүх түвшинд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авахад нөлөөлж байгаа тухай зөвлөмжилсөн. Хэлэлцүүлэгт оролцогч талууд боловсролыг бүх нийтийн үнэт зүйл, эрхэм зорилго байхыг дуу нэгтээ хүлээн зөвшөөрч, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудад шаардлагатай ур чадвар, чадамжтай болоход хамтаараа дэмжиж оролцох, тэр дундаа боловсролын ард хоцорсон бүлгийн хүүхэд, залуучуудыг хамтаараа дэмжих, боломж олгох түншлэлийг бэхжүүлэх, олон талын оролцоот санхүүжилтийн инноваци нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ. Боловсрол бол зөвхөн төрийн үүрэг бус бүх нийтийн үйл хэрэг гэж хүлээн зөвшөөрсөн.
БОЛОВСРОЛЫГ ӨӨРЧЛӨН ЦЭГЦЛЭХ, ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ ТАЛААР БИД НЭГДСЭН ОЙЛГОЛТ, ХЭТИЙН ЧИГЛЭЛТЭЙ БОЛОХ ЗҮГ РҮҮ ЯВЦГААЖ БАЙНА
Боловсролыг өөрчлөн цэгцлэх гэдэг нь асуудлыг сонгож шийдэх тухай биш, харин боловсрол, сургалтын сайн туршлага, уламжлалыг залгамжлан, шинэ үзэл баримтлал, аргачлал, шийдлийг хамтаараа хэлэлцэж хэрэгжүүлэх гэдгийг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс суралцагч бүрд тааварлахын аргагүй ирээдүйд амьдрах, ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших, үнэт зүйлтэй байх тэгш боломж бүхий, технологийн дэвшилд тулгуурласан боловсролын тогтолцоог бий болгох шинэ бодлого, хандлага, арга барил, засаглалыг бий болгох нь бидний хэтийн зорилт болж байна. Боловсролын аливаа шийдвэр нь хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хамтын байх, үүнд чиглэсэн эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог сайжруулах, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын уян хатан, технологид суурилсан боломж, хувилбарыг бий болгох, үр дүнд суурилсан удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур аргачлалыг тусгайлан боловсруулж, боловсролын албан ёсны мэдээллийн санд тэдгээртэй холбоотой өгөгдөл мэдээллийг цуглуулж, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэх, үүнд бүх талын оролцоог хангаж ажиллах хэрэгцээ байна.
МОНГОЛ УЛС АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛИЙНХАА ХОНХЫГ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЦОХИЛОО
-Тоосго өрж сургууль барьснаас цахим сургуулийг байгуулах нь илүү үр дүнтэй, бас ашигтай гэж үзэж буй. Монголд анхны цахим сургууль ч нээгдлээ. Үр дүнг хэрхэн тодорхойлж тооцож байна вэ?
Цахим сургууль нь бүлэг дүүргэлтээс шалтгаалан ахлах ангийн сонгон судлах хичээлийг судлах боломжгүй байгаа суралцагчдад тэгш боломж олгох мөн хилийн чанадад байгаа монгол иргэдийн хүүхдэд Монгол хэл соёлын хөтөлбөрийг цахимаар зохион байгуулах зорилготой юм. Энэ хичээлийн жилд 10 дугаар ангийн 10407 суралцагч 16 сонгон судлах хичээлийг судалж байна. Цахим сургуульд албан ёсоор 148 багш ажиллаж байна. Эхний байдлаар тодорхой үр дүнгүүд гарч байна. Юуны өмнө цахим сургууль сонгон судлах хичээлийг цахимаар заах арга зүйн инновацийг бий болголоо. Мөн энэ сургуулийн багш нар цахим ур чадварыг эзэмшиж цаашдаа цахим сургалтын зөвлөх, ментор багш болно. Эхний үед суралцагчийн ирц хангалтгүй байх, хичээлээ таслах хандлага ажиглагдаж байсан бол яваандаа суралцагчийн идэвх, оролцоо сайжирсан. БШУЯ-ны Боловсролын мэдээлэл, технологийн төв цахим сургалтад хамрагдаж байгаа сургуулийн интернэт холболтын хурдыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Мөн орон нутгийн удирдлага, эцэг эхчүүд хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж байгаа нь цахим сургуулийн үйл ажиллагаа үр дүнтэй болоход чухал нөхцөл болж байна. БШУЯ-ны зүгээс ухаалаг төхөөрөмжөөр хангах, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байна.
21 ДҮГЭЭР ЗУУНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ИРГЭДИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЧАДВАРУУД
-Боловсролыг хувьсгаж өөрчлөхтэй холбоотой суралцагчид ямар чадамж эзэмшсэн байх вэ? 2030 он гэхэд ямар мэдлэг, чадвар, хандлагатай иргэдийг бэлтгэсэн байх бол?
-“Хувьсаж буй боловсрол” сэдвийн хүрээнд хийсэн үндэсний хэлэлцүүлгээр иргэдийн төлөөлөл болсон оролцогчид хүүхэд, залуучуудад нийгэм, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд ажиллаж амьдрах, технологийн дэвшлийг ашиглах мэдлэг, ур чадвар, чадамжийг хөгжүүлэх шаардлагатайг онцолж байсан. Мөн үндэсний түүх соёл, уламжлалаа өвлөн хадгалах, байгаль дэлхийг хайрлан хамгаалах үнэт зүйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах, хувирган өөрчлөх, үүнтэй холбогдуулан цахим сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны цахим туршилтын санг бий болгох, үүнийг бүх хүүхдэд хүртээмжтэй болгох шаардлага ч бий. Хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж, амьдрахад шаардагдах мета-танин мэдэхүй, суралцахуйд суралцахуй, сэтгэл хөдлөлөө удирдах, аливаа зүйлд зорилго тавьж, тууштай байх, бусдыг ойлгох, хамтран суралцах, ажиллах, шийдвэр гаргах, цахим орчинд ажиллах, суралцах ур чадварыг хөгжүүлэх, насан туршдаа суралцах, хөгжих чадамж, энх тайван, аюулгүй байдал, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих дадлыг төлөвшүүлэхэд бүх талын оролцоо, дэмжлэгийг нэгтгэх, хүүхэд, залуучуудад хамгийн их тулгамдаад байгаа нийгэмсэтгэл хөдлөлийн, урлаг, гоо зүйн ур чадвар, дижитал ур чадвар, цар тахал, байгалийн гамшгийн үед суралцах, амьдрах ур чадварыг хөгжүүлэх нь 21 дүгээр зуунд ажиллаж амьдрах иргэдэд хамгийн чухал байна. Үүнтэй холбогдуулан БСҮХ боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж, эхний байдлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулж байна. Энэ үзэл баримтлалын эхний төслийг боловсруулж 11 сараас эхлэн олон нийтийн хэлэлцүүлэг хийж байгаа бөгөөд 12 сарын сүүлээр дуусна. Энэ хугацаанд иргэд, байгууллагууд саналаа хэлэх боломжтойг энд тодотгож хэлмээр байна.
БАГШИЙГ НИЙГМИЙН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТЭН ГЭЖ ҮЗЭЖ ТУСГАЙЛАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САНААЧИЛГА ӨРНҮҮЛНЭ
-“Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” гэж үзэж буй. Тэгвэл багшийн өөрчлөлт юунаас эхлэх вэ ялангуяа манай улсын тухайд?
-Хувьсаж буй боловсрол санаачлагын хүрээнд багш яаж өөрчлөгдөхийг тооцохдоо юуны өмнө ойрын хугацаанд тулгарах багшийн ил, далд хомсдолыг урьдчилан тооцож, багш бэлтгэх уян хатан, хувилбарт сургалтыг нэвтрүүлэх, багш мэргэжлээр элсэн суралцагчдад төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, хөдөө, орон нутагт багшаар ажиллахад өгдөг тэтгэмжийг тогтмол нэмэгдүүлэх, өөр бусад санхүүгийн дэмжлэг, инновацийг нэвтрүүлэх асуудал тэргүүлэх зорилт болж байна. Түүнчлэн багш мэргэжлийн үзэл баримтлал, стандарт, шаардлагыг өөрчлөх замаар багшийн эрх, үүрэгт өөрчлөлт оруулах, багшлахаас гадна өөрчлөлтийг чиглүүлэгч, дэмжих туслагч байх чиг үүргийг эрх зүйн болон бодлогын хүрээнд тусгахаар ажиллаж байна. 2022 оны 11 сараас эхлэн багшийн ажил мэргэжлийн стандартыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж эхний төслийг бэлэн болгоод байна. Цахим сургалтыг зохион байгуулдаг, насан туршдаа суралцагчийг хөгжүүлдэг, бүх хүүхдэд тэгш боломж олгох сургалт зохион байгуулдаг, хамтаараа хөгждөг багшийг бий болгох, үүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь салбарын чухал зорилтуудын нэг. Багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоог шинэчилсэн стандарт, шаардлагад нийцүүлэн өөрчлөн цахим платформыг нэвтрүүлж, цаг, хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих тэгш боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход төрөөс дэмжлэг үзүүлэх, багш мэргэжилтнийг хөгжүүлэхэд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, оролцоог дэмжих, багшийн ажлын байран дээрээ хөгжих зэрэг боломжоор хангана. Багшийн нэр хүнд, үнэлэмж, амьдралын чанарыг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, багшийг нийгмийн тэргүүлэх мэргэжилтэн гэж үзэж тусгайлан дэмжлэг үзүүлэх санаачилга өрнүүлэх, багшийн ажлын ачааллыг КОВИД-ийн дараах сурлагын хоцрогдол, бусад үр дагавартай уялдуулан тооцох, шинэчлэх ажлыг эхлээд байна.