Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган боллоо

НҮБ, ЭЗХЯ хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөө үндэсний чуулган нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт / ТХЗ/-уудыг хэрэгжүүлэх үндэсний үүрэг амлалтаа шинэчилж буйтай холбогдуулан талуудтай санал солилцож, хөгжлийн хурдасгуураа тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгод чиглэв. Дэлхий нийт ТХЗ-уудыг хэрэгжүүлэх амлалт аваад хэрэгжүүлэх хугацааныхаа яг талд нь орж байгаа энэ цаг үeд, дөрвөн жилд нэг удаа тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг нэгтгэн хэлэлцдэг НҮБ-ын дээд хэмжээний чуулганы өмнө нь болж байгаагаараа ач холбогдол, онцлог нь тодорхойлогдов. Манай улс ч мөн адил 2015 онд нэгдэж, амлалт үүрэг авсан. Тиймээс ч 2030 он гэхэд улс орнууд эрс ахиц дэвшил гаргахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах, амлалтаа шинэчлэх шаардлагыг НҮБ улс орнуудад тавьж, уриалаад байгаа юм.
НҮБ-ын энэ оны эхээр хийсэн Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн үнэлгээгээр дэлхий дахинд ТХЗ-уудын 50 гаруй % нь хангалтгүй хэрэгжиж, 30 гаруй % нь зогсонги байдалд оржээ. Ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийн зорилгууд ухарсан байна. Гурван улс тутмын нэг нь өрийн дарамтыг давж чадахгүйд хүрч байгааг НҮБ тайландаа өгүүлэв. Монгол Улсад ТХЗ-уудын 50% нь сул хэрэгжиж, 30%-ийнх нь хэрэгжилт царцжээ. Ядуурлыг бууруулах зэрэг зорилт өмнөхөөс ухарсныг ЭЗХЯ, НҮБ аль аль нь илтгэлд гарав. Мөн тэгш бус байдал Монгол Улсад газар авсаар байгааг НҮБ анхаарууллаа. Дээрх байдлын шалтгаан нөхцлийг дэлхий нийтээр ийн тодорхойлоод байгаа юм.
  • Цар тахал, түүнээс үүдэлтэй хямрал. Тухайлбал цар тахлаас үүдэн Хятад улс хилээ 2023 онд хүртэл 2 жил хаасан нь Монгол улсад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.
  • Украйны дайн буюу геополитикийн зөрчилдөөн. Монгол улсад мөн хүчтэй нөлөөлсөн гэж буй.
  • Уур амьсгалын өөрчлөлт. Монгол улсад үүн дээр орчны бохирдол орж байгааг НҮБ илтгэлдээ онцлов.
ЭЗХ-ИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: Цаашид экспортыг нэмэж хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулж, уул уурхайн тээврийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засаг өснө. Монгол Улс “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт, дунд хугацааны зорилтдоо ч ТХЗ-ыг бүрэн уялдуулсан тул цаашид хэрэгжих нь дамжиггүй гэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: Манай улс хөрөнгө оруулалт, эрх зүйн орчноо сайжруулж, хяналт, тайлагналт, санхүүжилтээ дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байна гэв.
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА: Монгол Улс бол хэтийн зорилгоо “Алсын Хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогоороо цогц тодорхойлсон цөөхөн улсын нэг билээ. Түүнд тодорхойлсон 9 тулгуур багана нь ТХЗ-уудтай төгс уялдсан хөгжлийн чиг баримжааг бататгасан байдаг. Монгол Улс 2030 он гэхэд ТХЗ-уудыг биелүүлснээр “Алсын Хараа 2050”-ын бодлогынхоо тэн хагасыг биелүүлэх юм…
Үүний тулд нэн тэргүүн эдийн засгаа нэн яаралтай төрөлжүүлэх, бодлогын нэгдмэл арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга замаа үндэсний түвшинд тодорхойлох хэрэгтэй байна гэж зөвлөлөө.
Тус чуулганд Тогтвортой хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байгаа үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гэж тодорхойлсон ХААН, Голомт банк, АПУ ХК зэрэг байгууллага оролцож, сайн туршлагаасаа хуваалцав. Мөн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа илэрхийллээ. Тэд
  • бодлого уялдаатай, нэгдмэл байх. Тухайлбал зээл халамжийн бодлогоо тогтвортой хөгжилтэй уях зэрэг
  • үр дүнг тодорхойлох, хэрэгжилтэнд хяналт тавих,
  • тогтвортой хөгжлийн төлөө үйлдэл, алхмыг бодлогоор дэмжих,
  • нэгдсэн үйл ажиллагаа, бодлогыг зангиддаг, байнгын ажиллагаатай бүтэцтэй байх
  • манлайллыг бий болгох
  • хувийн хэвшлийг шударгаар өрсөлдөх нөхцлийг хангах… зэрэг санал дэвшүүлэв. Хүлэмжийн хийг бууруулна гэчхээд нүүрс түлэхийг дэмжих, ажлын байрыг өсгөнө гэчхээд халамж хавтайруулаад байж болохгүйг ч сануулав.
Одоогоор ТХЗ-ыг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг ЭЗХ-ийн яам зангидаж байна. Тэдний бүх талуудаас авсан гэж үзэж буй саналаар Монгол Улсын ТХЗ-уудад хүрэх хурдасгуур, түлхүүрийг 12 үндсэн чиглэлээр тодорхойлжээ. НҮБ дэлхий нийтэд “Тогтвортой хөгжилд хэн ч хоцрохгүйгээр үйлдлээрээ нэгдье” гэж уриалаад буй.
Сэтгэгдэл