Дэлхийн хүн ам 2022 онд 8 тэрбум болж өслөө. Хүн амын өсөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгалийн нөөц баялаг багасах аюулд ороод байгаа энэ үед нэг гариг дээр амьдарч буй хүн төрөлхтөн хамтдаа тогтвортой амьдарч сурах шаардлага хэрэгцээ бий болсоор байна.
Тиймээс энэ талаарх боловсролыг системтэй, ойлгомжтой бөгөөд ангилсан агуулгаар хүргэх шаардлага гарч ирэв. Боловсрол нь хүний суурь эрх бөгөөд тогтвортой хөгжлийг жолоодох, энх тайвныг цогцлоох үндэс суурь болж байгааг ЮНЕСКО онцолж, тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ын мэдлэг, ухамсрыг хөгжүүлэн, нийгмийг илүү тогтвортой болгон хувирган өөрчлөх чиглэлд ажиллах дэлхийн иргэнийг бэлтгэх боломжийг олгохын тулд үйлд баримжаалсан, сурган хүмүүжүүлэх шинэлэг арга зүйг ашиглахыг улс орнуудад уриалж байна.
Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн баг Тогтвортой хөгжлийн боловсролын 4, дэлхийн иргэний боловсролын 4, нийт 8 сэдвээр үндэсний сургагч багшийн болон багшийн, үе тэнгийн сургагчийн сургалтын дараах модулийг боловсруулж олон нийтэд хүргэлээ. Үүнд дараах сэдвүүд багтаж байна.
- Соёлын олон янз байдал
- Хүний эрхийн боловсрол
- Жендэрийн тэгш байдал
- Энхтайван ба хүчирхийлэгч
- Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл
- Хүн төрөлхтний сайн сайхан байдал
- Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол
- Хүрээлэн буй орчин ба тогтвортой байдал
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхмагнай:
Багш болон сургагч багшийн сургалтын модулийг цахим хэлбэрээр сайтад байршуулсан. Тэр дундаа сургагч багшийн модулийг интерактив буюу тоглоомын хэлбэрээр байршуулсан. Өөрөөр хэлбэл хэвлэмэл материал дээрх агуулга текст, асуултын хэлбэрээр байдаг бол интерактив болсноор бие даан суралцаж, хөгжих боломж нь илүү болдог онцлогтой. Жишээ нь, үгийн сүлжээ бөглөх, дасгал ажиллах, хариулт буруу эсвэл зөв эсэхийг нь мэдэх боломжтой.
Нөгөөтээгүүр хэвлэмэл материал дээрх агуулга, даалгавар бүрийг QR кодыг уншуулж цахим хувилбараар ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.
Сургалтын модуль бүр харилцан адилгүй сэдэв, агуулгыг багтаасан ба жишээ нь “Энхтайван ба үл хүчирхийлэгч” модульд энхтайван хэмээх тодорхойлолтын агуулгыг өргөн хүрээнд тайлбарлажээ.
МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш, Доктор Т.Булганзаяа:
“Энхтайван ба үл хүчирхийлэгч” модульд олон улсын сайн туршлагыг шингээснээрээ онцлог юм. Хүүхэд болон багш нарт зориулсан дасгал, даалгаврыг багтааж өгснөөрөө давуу талтай. Энхтайван гэж чухам юу болох талаарх агуулгыг дэлгэрэнгүй мэдээлэл болгон багтаалаа. Өмнө нь дайн дажингүй байснаар энхтайван оршдог хэмээн улс төр, цэргийн хүчтэй холбож ойлгодог байсан бол энэ удаад илүү өргөн хүрээнд тайлбарласан агуулгатай юм. Жишээ нь энхтайван нь хувь хүн, хүмүүс хооронд, бүлэг орон нутгийн дунд, улсын хэмжээнд, цаашлаад олон улсын хэмжээнд хэрхэн оршиж байдгийг энгийнээр тайлбарласан. Ингэснээр суралцагч хүүхдүүд энхтайвныг бий болгоход өөрийн зүгээс ямар оролцоотой байх, тэрхүү хандлагыг хэрхэн суулгахад чиглэх юм. Өөрөөр хэлбэл хувь хүний энхтайван гэж чухам юу болох, үүнд хүүхэд өөрийн харилцаа хандлагад хэрхэн анхаарч болох боломжтой талаар тайлбарлалаа.
Хүүхдийн сургалтын модуль тус бүр 5-15 минут, нийт 40 минут ажиллах дасгал ажилтай бол багшийн сургалтын дасгал ажил түүнээс арай илүү хугацаанд ажиллах агуулгатай. Сургалтын модулиудыг Esd.mn сайтад буюу цахим хэлбэрт энэ сард багтаан байршуулж, багш, сурагчид ашиглахад бэлэн болгохоор ажиллаж байна.