БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Байгалийнхаа нөөцийг зохистой ашиглаж, хүнийхээ хэрэгцээнд нийцсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг удирдан чиглүүлэхэд боловсрол чухал үүрэг гүйцэтгэх тул иргэдийнхээ мэдлэг ухамсарыг хөгжүүлэн, нийгмийг илүү тогтвортой хувирган өөрчлөх боломжийг олгохын тулд үйлд баримжаалсан шинэлэг сургалтын арга технологийг боловсролын салбартаа нэвтрүүлэхийг дэлхий нийтийн хөгжил биднээс шаардах боллоо. Иймд хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилтуудад хариу арга хэмжээ авах арга ухааныг боловсролоор дамжуулан эзэмшүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь чухал юм.

Дэлхийн улс орнууд “ТХБ-2030” замын зураглалыг хэрэгжүүлэхийн тулд “Тогтвортой хөгжлийн боловсролын улс орны санаачилга”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгаа болон манай улс 2023 оныг “Сургуулийн менежментийг сайжруулах” жил болгон ажиллаж байгаа энэ цаг үед ШХА-ийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл хэрэгжиж байгаад гүнээ талархаж байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл манай улсад 2 үе шаттай хэрэгжсэн бөгөөд тодорхой үр дүнгүүдийг боловсролын салбарт бий болгосон гэж үзэж байна.

2016-2019 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол -I”  төсөл хэрэгжсэнээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, арга зүйг нэвтрүүлж,  амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

2020-2023 онд хэрэгжүүлж буй  “Тогтвортой хөгжлийн боловсрол -II” төсөл нь салбар дамнасан бодлогыг хэрэгжүүлэх институтын бүтцийг туршиж, үндэсний түвшинд Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг, орон нутгийн түвшинд Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн багийг ажиллуулж, боловсролын бүх түвшний сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ыг тусган хэрэгжүүлэх санал санаачилгуудыг гаргасан. Тухайлбал: Эко цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг  загвар 30 сургуульд туршиж, өөрийн үнэлгээнд үндэслэн сургуулийн засаглал; хүний нөөцийн чадавхийн хөгжил; сургалтын хөтөлбөр ба багшлахуй, суралцахуй; сургалтын орчин; түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр жижиг төсөл хэрэгжүүлж, сургуульд суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх гараа суурийг тавьсан байна. Мөн Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, чадамжид суурилсан, ногоон технологийг сургалт, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагааг явуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид их дээд сургуулийн сургалт, үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн боловсролтой уялдуулах хэрэгцээ бий.

БШУЯ сургуулийн менежментийг сайжруулахад “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага” бүхий олон улсын туршлагыг энэхүү туршиж хэрэгжүүлсэн 30 сургуулийн жишгээр бусад сургуульд нэвтрүүлж, хөгжүүлэх боломжийг дэмжиж ажиллах болно.

 Улс орны хөгжил өнөөдрийн хүүхэд залуучуудаас хамааралтай тул  хувь хүн бүрийн оруулах хувь нэмэр болон боловсролыг хувирган өөрчлөх асуудалд хамтаараа оролцож нэг шийдэлд хүрч ажиллахыг уриалж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсролын хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулганд оролцогчдод ажлын амжилт хүсье.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХАМГАЛАН 

Сэтгэгдэл