Стефани Бури: Монголын хойч үе эко орчинд амьдарч, ажиллахад өөрсдөө суралцаж байна

Манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулга уулзалт “Корпорэйт конвеншн” төвд өнөөдөр боллоо.

Чуулганы нээлтийг хэвшмэл байдлаар бус, төслийг хэрэгжүүлэгч ЕБС-ийн сурагч хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлэн, чуулганд хүрэлцэн ирсэн төр, засгийн зочид төлөөлөгч нарт асуулт тавин хариулт авах байдлаар хийсэн юм.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч хүүхдүүд панелистаар оролцон, төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд юу сурч, мэдсэнээ тайлагнахаас гадна “Тогтвортой хөгжлийн боловсрол нийгэмд, таны амьдралд яагаад чухал вэ?” гэсэн асуултаар зочдын санал сэтгэгдлийг сонслоо.

УИХ-ын гишүүнБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням дээрх асуултад хариулахдаа, “Тогтвортой хөгжлийн нэг гол зорилго нь оршин суугчдын эко орчин бүрдүүлэх явдал бөгөөд би үүнийг Канад улсад, дэлхийн хамгийн ногоон хотын нэг Ванкуверт суралцаж байхдаа мэдэрсэн. Тэр үед охин маань 6 настай, сургуульд орж байхад нь сургуулийнх нь гаднах царс модыг шилжүүлгэн суулгахаар болж байсан. Яагаад ингэх болсон талаар охин маань тэр хотын захиргаанд захидал бичиж байсан жишээ”-г дурдлаа.

Тэрбээр хэлэхдээ, “Захидлын дагуу хотын удирдлага хүрэлцэн ирж, тэр модыг сургуулийн байрыг өргөтгөх үүднээс өөр газар шилжүүлж буйгаа мэдэгдэн, дахин нөхөн төлжүүлж ургуулна гэдгээ амлан, хүүхдүүдэд сургалт явуулж ойлгуулж байсан миний сэтгэлээс гардаггүй юм” гээд, ийм жишгээр манай улсын хүүхэд залуучууд нийгэмд өөрсдийн зөв оролцоо, хувь нэмрийг оруулахыг уриалж, томчууд, шийдвэр гаргагч төр, засаг гэсэн олон талын оролцоо энд чухал үүрэгтэйг онцолсон юм.

Чуулганд оролцогчдын нэг Хэнтий аймгийн Чингис хотын “Тэмүүлэн” цогцолбор сургуулийн захирал М.Золзаяагаас сэтгэгдлийг нь сонсоход, “Хүмүүс биднээс “ТХБ” төсөл санхүүжилттэй юу гэж их асуудаг. Мэдээж бидэнд төслөөс болон үүргийн дагуу аймаг, орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Гэхдээ бидний төсөл бол санхүүжүүлээд 3-4 жилийн дараа мониторинг хийдэг бусад төслөөс онцлог нь оролцогч, хамтрагч, хэрэгжүүлэгч бүгд алхам тутамдаа байнгын уялдаа холбоотой байж, бага санхүүжилтээр бодит үр дүнд хүрэх боломжтой байж ирлээ. Ганц жишээ хэлэхэд, хоол хүнсээ зөв сонгож сурсны олон давуу талын нэг гэхэд хог хаягдлаа багасгах зэргээр уялдаа холбоо бүхий 4 төслийг хэрэгжүүлээд байна” гэв.

Тус сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Охид”, “Сэтгүүлч” сурагчдын клуб өдгөө 16 болон өргөжиж, 500 хүүхдийг хамруулаад байгаа нь сургуулийн нийт сурагчдын дөрөвний нэг болж, энэ хэрээр бидний нөлөөлөл их болж байгаа гэв. Тэрбээр төслийн хүрээнд хүүхдүүд хамгийн гол нь зөв амьдрахад төлөвшиж, чадавхжиж, өөрсдөө удирдан залах, чиглүүлэгч байх чадварыг сурч буйг тодотголоо.

“ТХБ-II” төслийг манай улсад хэрэгжүүлэгч гол байгууллага Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Буригаас төслийн үр дүнгийн талаар тодруулав. Тэрбээр, “Манай төслийн хүрээнд Монголын хойч үе хүүхэд, залуучууд эко орчныг өөрсдөө бүтээн, ийм орчинд амьдарч, ажиллахад суралцаж байна” хэмээн нэг өгүүлбээр дүгнэн хэлсэн юм.

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулга уулзалт үдээс өмнө “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”, үдээс хойш “ТХБ-II төслийн үр дүн, цаашдын зорилт” хаалтын үйл ажиллагаа сэдвээр үргэлжиллээ.

Чуулга уулзалтад ТХБ-II төслийг хэрэгжүүлж буй загвар 30 сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчид, төслийн сонгогдсон 6 аймаг, нийслэлийн 2 дүүргийн төлөөлөл, олон улсын хандивлагч байгууллага, хувийн сектор, БШУЯ, БОАЖЯ зэрэг салбар яам, төрийн байгууллагын төлөөлөл гээд 300-350 хүн оролцов. Төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хүргэж, бодлого боловсруулагчдад санал хүргэх юм.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл