Ховд аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сэтгэл зүйчээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа П.Ариунбаяртай ТХБ-II төслийн үр дүнг танилцуулах өдөрлөгөөр уулзаж ярилцлаа.
ТХБ-II төслийн санаачилгаар 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит ЕБС-д ажиллах нийт 64 мэргэжилтэнг “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшүүлэн сургаж, сургуулиудад ажиллахад зөвлөн тусалсан юм. Мөн 26 сэтгэл зүйчийн өрөө тасалгааны тохижилт, тоног төхөөрөмж, сургалтад зориулж төслөөс нийт 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Ямар арга барилыг түлхүү ашиглан ажиллаж байна вэ?
Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг ганцаарчлан болон багийн хэлбэрээр өгч ажиллаж байна. Ганцаарчилсан зөвлөгөө авах хүүхдүүд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. 6-12 насны хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөггүй. Сэтгэл зүйг гадагшлуулах дасгал явуулдаг. Дунд, ахдах ангийнханд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.
Хүүхдүүд гол төлөв ямар сэдвээр зөвлөгөө авдаг вэ?
Хүүхдүүд ахлах ангид ороод мэргэжлээ хэрхэн сонгохоо мэддэггүй хувирдаг. Тиймээс мэргэжил сонголтын цогц оношилгоо хийдэг. Энэ асуудлаар зөвлөгөө их авч байна. Хоёрт үе тэнгийн дээрэлхэлт, гуравт үерхэл нөхөрлөлийн нандин асуудлаа ярьж их ханддаг. Мөн уур бухимдал, стрессээс үүссэн асуудлаараа зөвлөгөө авдаг. Хүүхэд стресстэй байгаа тохиолдолд тухайн өдрийн хичээлийг ерөөсөө ойлгодоггүй. Ямар ч байсан сэтгэл зүйчид асуудлаа ярьж бухимдлаа тайлж, зөвлөгөө авч болдог гэдгийг сургуулийн сурагчид ойлгосон. Хүүхдээр дамжуулан гэр бүлд нь нөлөөлөх сэтгэл зүйн сургалтуудыг үе шаттайгаар орж байна.
Үр дүн хэрхэн гарч байгаа бол?
Сэтгэл зүйн үйлчилгээний үр дүн тийм хурдан гардаггүй. Хүүхдүүд сэтгэл зүйчийн өрөөнд орж ирээд чанга дуугаар уйлах, инээх, хашхичих нь хэвийн үзэгдэл. Маргааш нь тэдний уур бухимдал арилчихсан нүд нь гэрэлтэй гүйж явах нь бий. Энэ бол үр дүнгийн бас нэг илэрхийлэл юм болов уу.
Өнгөрсөн хоёр жилийн тандалтаар сургуульд сэтгэл зүйч хэр их хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Хамгийн их шаардлагатай. Хүүхдүүд аливаа асуудлаа гадагшлуулахад сэтгэл зүйчийн үүрэг хамгийн чухал. Тиймээс ч сэтгэл зүйчийн өрөө хүүхэд орж үйлчлүүлэх бүрэн боломжтой, эрхийг нь хангасан байх ёстой. Тэднийг шүүмжлэхгүйгээр, тэдэнд шалгуур тавихгүйгээр нээлттэй сонсож чадах нь сэтгэл зүйчийн давуу тал. Ингэж ажиллах боломжоор хангасан, цаашид ажиллах урам зоригийг бий болгосон сургуулийнхаа болоод ТХБ төслийн хамт олонд талархаж байна.