Сургуулийнхаа өдөрлөгт ирсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн ихэнх нь урианхайн дээл хувцсаараа гоёсон байв. Ингэж угсаатныхаа дээл хувцсыг эдэлж хэрэглэх дадалд хэвшүүлэх нь энэ сургуулийн ТХБ-II төслийн хүрээнд гаргасан санаачилгуудын нэг зорилго нь юм. “Угсаатны хувцас- үндэсний өв” жижиг төслийг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш З.Нарантуяа хариуцжээ.
Багш З.НАРАНТУЯА “Ийм сонин дээл хувцсыг хаана яаж өмсөх юм бэ гэсэн ойлголт манай залуусын дунд их байсан. Үүнийг халахын тулд, урианхай угсаатны хувцас хэрэглэлийн бэлгэдэл, хийц загварын утга учрыг таниулж мэдүүлэхийн тулд зарим угсаатны зүйн эх сурвалжуудыг уншиж судаллаа. Урианхай дээл гэхээр бид хадгалагдаж үлдсэн, музейд байдаг хүрэн даавуун эсвэл хөдсөн цагаан дээлээр л төсөөлдөг. Тэгвэл энэ цагт өөртөө таалагддаг өнгөөр загвар бичигдлийг нь шингээн урлаж өмсөж болно. Манай 9-12 дугаар ангийн охид, зарим эцэг эх, багш нар урианхай дээл урлахыг сайн суралцсан. Энэ төслийн үр дүнд сургуулийн нийт хүүхдүүдийн 60 шахам хувь, багш нарын 90 хувь нь урианхай дээлтэй болж, өмсөж хэрэглэж дадлаа. Цаашдаа сумын өрх бүр урианхай дээлтэй болох саналыг сумынхан маань сайн дэмжиж байгаа. Урианхай дээлийн хавчуурга, дал оноо, эмжээр зэргийг урлахад урь дүй их шаарддаг. Эрэгтэй дээлийн оноо нь сумны зэвийг дүрсэлдэг нарийн утга учиртай. Гол нь хийлгэж өмсөх биш өөрсдөө хийдэг болох нь чухал. Энэ санаачилгаа ТХБ-II төслийн үр дүнд ажил хэрэг болгосондоо баяртай байна.”гэлээ.
ТХБ-II төслийн 22.5 сая төгрөгийн дэмжлэг, заавар чиглүүлэг, Ховд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт 7.5 сая төгрөгийн санхүүжилт, багш, ажиллагсад, эцэг эх, олон нийтийн түншлэлийн үр дүнд босгосон хөрөнгө хүчээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС дээрх бүтээн байгуулалт, сургалт, үйл ажиллагаагаа өрнүүлжээ. Төсөл дууссан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, үр дүнгээ бататган туршлагаа сум орон нутагтаа түгээнэ гэлээ.