410 гаруй сурагч, 56 багш ажилтантай Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС ТХБ-II төслийн үр дүнгээ ийн тодорхойллоо. Сургуульдаа өв соёлын өргөө байгуулав. Өргөөгөө өөрсдийн урласан ширдэг, эсгий, модон эдлэл, дээл хувцас, тоглоом наадгайгаар чимжээ. Хичээл сургалт, урлаг соёлын болон бусад үйл ажиллагаа өрнөдөг газрын нэг нь энэ өргөө. Сургуульдаа сургалт туршилтын талбай байгуулж төмс, хүнсний ногоо тариалахаас гадна устаж ховордсон балган модоо үндэслүүлэн туршив. Мөнх цэвдэгтэй, өндөр уулын бүс нутаг ч гэлээ төмс хүнсний ногоо тарьж ургац авч болохыг сүүлийн 2 жилд хураасан 240 кг төмсөөрөө харуулав. Энэ нөлөөллийн үр дүнд сумын нийт өрхийн 50 шахам хувь нь төмс, хүнсний ногоо тарьж байна гэлээ.
Өв соёлын өргөөндөө ирсэн зочдоо урианхай хувцсаар гоёж, соёлоо таниулах зорилгоор урианхай дээлээ урлаж өмсөх санаачилга өрнүүлэв. Санаачилга өргөжсөөр сурагчдын 60 хувь, багш, ажилтнуудын 90 хувь нь урианхай дээлтэй болов. 9-12 дугаар ангийн сурагч, тэдний зарим эцэг эх, багш нар эсгүүр оёдлыг дээл хувцасны дэг жаягтай нь суралцаж, өөрсдөө урладаг болоод байна. Ноос сэмлэх, утас ээрэх 4 машиныг сургуульдаа авч, малчдын нөхөрлөлтэй хамтран тэмээ, хонины ноосоор олс, дээс томох, эсгий дарах зэрэг үйлийг сурагчдадаа холбогдох хичээлээр нь зааж сургаж байна. Байгалийн ухааны хичээлүүдийн хэрэгслүүдийг худалдан авснаар шинжлэх ухааны жижиг туршилтуудыг орчин үeийн багаж төхөөрөмжөөр хийх боломжтой болжээ.
Дээрх үйл ажиллагаа, туршилтуудаа сургалтын хөтөлбөртэйгөө уяж, хичээлүүдтэйгээ холбон зааж хамтдаа суралцаж байна. Сургуульдаа Сургууль бүхлээр /багш, удирдлага, ажилтан, сурагч/ ажиллах арга хандлага /СБААХ/-ыг нэвтрүүллээ. Сумынхаа нөхөрлөл, хоршоо, иргэдтэй хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, төр, ТББ-уудтай түншилж ажиллах боломжоо нэмэгдүүллээ. Мөн суралцаж туршлагажсанаа танилцууллаа.