“ТХБ-II” төслийн зорилтот 30 сургууль төслийн хүрээнд хүрсэн үр дүнгээ тооцож, ололт амжилт, туршлага, шинэ санаачилга, бүтээлч арга зүйгээ олон нийтэд танилцуулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор өдөрлөгөө эхлээд байна. Өдөрлөг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБ-ын 5 дугаар сургууль дээр үргэлжилж байна. Тус сургууль ТХБ-II төслийн дэмжлэгээр сургуулийнхаа дотоод агаарын чанарыг сайжруулах ажлыг үe шаттай хийжээ. Нийт 34 ангийн танхимд төслийн, орон нутгийн төсвийн дэмжлэгээр агаар цэвэршүүлэгч байрлуулж, цонхнуудаа хязгаарлагчтай болгожээ. Мөн сургуулийнхаа агааржуулалтын хоолойнуудыг цэвэрлэж, байнгийн ажиллагаанд оруулжээ. Дээр нь “Цэцгээр гоёсон сургууль” төслийг санаачлан 300 гаруй цэцэг үрслүүлж, сургуулийнхаа доторх нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан байна.
Энэ бүхний үр дүнд сурах орчин илүү тав тухтай болж, сурагчдын амьсгалын замын өвчлөл эрс буурсан, сурлагын амжилтад нөлөөлсөн гэж багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл танилцууллаа. Одоо агаарын чанараа хэмжих, сайжруулах ажлыг Эко клубын 6-11дүгээр ангийн сурагчид хариуцаж байна. Багаж тeхникээ бүрэн эзэмшиж, мэдлэг туршлагатай болсон учир Орхон аймгийн 1, 2, 4, 14, 16 зэрэг сургуулийн агаарын чанарыг хэмжиж зөвөлгөө өгөөд байна. Цаашид ийм байдлаар бусад байгууллага, сургуульд зөвлөгчөөр ажиллахад бүрэн боломжтой, бэлтгэгдсэн гэж багш нар танилцууллаа. 5-р сургуулийн дээрх төслийг сургуулийн эцэг эхчүүд дэмжин 2020-2022 онд 8.2 сая төгрөгийн хандив өгч, хамтран хэрэгжүүлжээ. Энэ бүхнийг ганц удирдлага, эсвэл багш нар хийдэггүй, сурагч, эцэг эхчүүдтэйгээ хамтдаа суралцаж, бүтээдэг, олон нийттэй түншилж ажилладаг, сурагчид гол үүрэгтэй байдаг зэрэг нь ТХБ-II төслийн онцлог, үнэ цэнэ гэлээ.