ТХБ-II төсөл нь Монгол Улсад ТХБ-ын үзэл санаа, үнэт зүйлийг үндэсний, орон нутгийн, нэгж байгууллагын түвшинд тогтвортой үргэлжлүүлэх бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Боловсролын үнэлгээний төв нь Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, үнэт зүйлийг боловсролын үнэлгээний тогтолцоо болон байгууллагын үйл ажиллагаанд тусгахад дэмжлэг үзүүлэх сургалт, үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай “Ногоон оффис” аяныг “ЭКЛОГИЙН УЛ МӨРӨӨ БАГАСГАЖ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЦГААЯ” уриатай зохион байгууллаа.
Аяны хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл болон Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвтэй хамтран ногоон ажлын байр буюу ногоон оффист тавигдах шалгуур үзүүлэлтийн талаар албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, үйл ажиллагааг явуулан, эрчим хүчний хэмнэлт хийж, нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах, тооцоолох арга зүйд суралцан, сар бүр хэрэгжүүлж ажиллах эхлэлийг тавив. Мөн хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулж ашиглах тухай сургалтад хамрагдаж, “Хог биш баялаг” төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, байгууллагаас гарах цаас болон хуванцар савны хаягдлаа хог дахин боловсруулах үйлдвэрт өгч ажиллахаар болов.