“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багын төлөөлөл /БОАЖЯ, БСҮХ, БЕГ, БОМСТ ТББ / болон Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч нар өнгөрсөн хоёрдугаар сарын 8-16-ны өдрүүдэд Швед, Швейцар улс дахь Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээрх мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан туршлага судалж, Женев хотноо “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдэвт олон улсын хамтын ажиллагааны форумд оролцоод иржээ.
Туршлага судлах багийнхан НҮБ-ын ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарын хөгжлийн агентлагийн төв офисс зэрэг газарт албан уулзалт хийж, Шведын БЕГ, Швейцарын Кантоны Боловсролын сайд нарын зөвлөл, Education 21 ТББ зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Тодруулбал Швед улсын Упсалагийн Их Сургуулийн санаачилгаар Герман, Белги улсын их сургуулиуд хамтран боловсролын сайн туршлага, сайн хичээлийн сангуудыг хамтран бүтээжээ. Боловсролоор тэргүүлэгч улс орнууд боловсролын сайн туршлага бүхий дэлхийн хэмжээний цахим санг их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш, ОН-ийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг бүтээдэг аж.
Мөн Швед улсын Боловсролын Үндэсний Газрын үйл ажиллагаатай танилцаж, бүх хүүхэд, сурагчдад аюулгүй орчинд өндөр чанартай боловсрол, үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй олгоход чиглэж ажиллаж байгаа туршлагатай нь танилцжээ.