1477 онд байгуулагдсан Упсалагийн ИС нь Скандинавын хойгийн хамгийн анхны дээд сургууль бөгөөд дэлхийн тэргүүлэх зэргийн судалгааны сургууль гэдгээр нь дэлхий нийт андахгүй.
50,000 гаруй оюутан, 5000 орчим судлаачтай, хүмүүнлэг, нийгмийн ухааны, анагаах, эм зүйн, шинжлэх ухаан, технологийн гэсэн гурван үндсэн чиглэлийн 9 факультет, 60 тэнхимтэй юм байна. УИС нь боловсролын сургалтын үйл ажиллагаанаас гадна нийгэмд урт хугацааны өөрчлөлт авчрах хамгийн сайн чанар, хамааралтай судалгаа шинжилгээний ажил явуулахыг зорьдгоо сургуулийн төлөөлөл танилцуулж байсан юм. Үйл ажиллагааны цөмд тогтвортой хөгжлийг шинэ шатанд гаргах, олон нийттэй хамтрах, нээлттэй байх, хүндлэлийг дээдлэх зарчмыг баримталдаг байна.
Одоогийн байдлаар 1780 багш профессор, 2200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, мөн тооны бусад ажилтан гээд нийт 7500 гаруй ажиллагсадтай, 7,300-аад сая швед кроны жилийн эргэлттэй ажиллаж байна. Докторын судалгааны 54%-ийг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлдэг тухай танилцууллаа.