“Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч эко-сургууль, цэцэрлэг“ хөтөлбөрийн үндэсний VII чуулган

Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч ОУ-ын Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний YII чуулган 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдаж байна.
Үндэсний YII чуулганы зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын агуулга, арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа сургууль, коллеж, цэцэрлэгийн хамт олон, багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог урамшуулах, тэдний хамтдаа хүрсэн амжилт, туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх юм.
Чуулганд ОУ-ын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-т хамрагдаж буй сургууль, коллеж, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтан, суралцагсад болон БОАЖЯ, БШУЯ, БЕГ, БСҮХ, аймаг, нийслэлийн БОАЖГ, БШУГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн 500 гаруй төлөөлөл оролцож байна.
Чуулган “Сургуулийн өмнөх боловсрол”, “Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсрол” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана.
Сургуулийн өмнөх боловсролын чуулганы нээлтэд:
  • БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар
  • Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ТХБ-II төслийн зохицуулагч А.Энхтогтох
Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын чуулганы нээлтэд:
  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг,
  • Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир нар уригдан оролцож байна.
Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн ОУ-ын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь дэлхийн 72 улсын 59000 гаруй сургууль, коллеж, цэцэрлэгүүдэд хэрэгжиж байна.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕСКО, Байгаль орчны хөтөлбөр, мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, ОУ-ын хэмжээнд хамтран ажиллаж байгаа юм.
Тус хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймгуудын ЗДТГ, БОАЖГ, БСУГ-ууд бодлогын дэмжлэг үзүүлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв НҮТТБ албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт нийт 344 ерөнхий боловсролын сургууль, 215 цэцэрлэг, 10 МСҮТ, коллеж хамрагдаад байгаагаас 2022 онд ОУ-ын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ОУ-ын болоод Үндэсний нэр хүндтэй гэрэгэ, өргөмжлөлийн болзлыг;
  • “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-29, Ерөнхий боловсролын сургууль-3, МСҮТ-4;
  • “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-23, Ерөнхий боловсролын сургууль-3;
  • “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-18, Ерөнхий боловсролын сургууль-13, МСҮТ-1 тус тус хангажээ.

Сэтгэгдэл