БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Эх байгаль, хүрээлэн байгаа орчинтойгоо зохицон амьдарч, оршихуйн амьдралын үндэс болсон эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хязгаарлагдмал нөөцөө зөв зохистой ашиглаж, бохирдол доройтлыг бууруулах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод байна. Монголчууд бид эрт дээр үеэс байгалийн нөөц баялгийг зохистой ашиглаж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл, уламжлалтай. Гэсэн хэдий ч хүн ам өсөж, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр хотжилт, байгаль орчны бохирдол, доройтол нэмэгдэх, байгалийн нөөцийг зохисгүй ашиглах болсноор экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлага, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “Ногоон хөгжил” хэсэгт “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулна” гэсэн зорилгыг дэвшүүлсэн.

Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй, эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нөөцийн хэмнэлт, үр ашиг бүхий үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад таниулах, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх шатны болон насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоогоор дамжуулан эзэмшүүлэх явдал өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн боловсрол чухлаар тавигдаж байна.

БОАЖЯ, БШУЯ-ны манлайлал дор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд, залууст байгаль орчинд ээлтэй амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд байгаль орчны мэдлэг олгох жишиг сургалт сурталчилгааны төвийн загварыг Хөвсгөл, Орхон аймагт бий болгож чадлаа. Мөн тус яамнаас аливаа байгууллагын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, ажлын байрны эрчим хүчний хэмнэлт, усны зохистой хэрэглээ, агаарын бохирдлын бууралт, хог хаягдлын зохистой менежмент, бараа материалын ногоон худалдан авалтыг дэмжих зорилготой “Байгаль орчны менежмент, Ногоон ажлын байр-хэрэгжүүлэх арга зүйн заавар” MNS7002:2023 стандартыг батлуулж, мөрдүүлээд байна.

Тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх, Монгол Улсын иргэдийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэн ажилласан төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд болон төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагын хамт олон, төслийн үйл ажиллагаанд хамрагдсан бүхий л хүмүүст ажлын амжилт хүсье.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

 

Сэтгэгдэл