ТХБ-II ТӨСӨЛ ДУУСЧ БАЙГАА Ч СЭТГҮҮЛЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭН СУРГАХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛНЭ

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, ТХБ-II төслийн ажлын албатай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ чиг хандлага, шинэчлэл” сэдэвт цуврал сургалтаа өнөөдөр эхэллээ.
Тогтвортой хөгжлийн /Байгаль орчин, нийгэм соёл, эдийн засаг/ тулгуур үндсэн ойлголт, уялдаа холбоо, XXI зууны түлхүүр цогц чадамж /мэдлэг, чадвар, хандлага/, ТХЗ-ын гол жолоодогч Боловсролын тухай эргэцүүлэхүй зэрэг агуулга бүхий сургалтыг ТХБ-II төслийн зөвлөх О.Оюунтунгалаг хариуцан явуулж байна.
Мөн клубын өнөөдрийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтанд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зохицуулагч А.Энхтогтох оролцон клубын гишүүд сэтгүүлчдэд талархлаа илэрхийлж, Тогтвортой хөгжлийн төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
ТХБ-II төслөөс 2022, 2023 онд манай клубтэй тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг, мэдээлэл, үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаагаа онцоллоо. Төслийн баг, клуб хамтран ТХБ-II төслийн загвар сургуулиудын үйл ажиллагаа, туршлагатай танилцах, сурвалжлангаа суралцах аяллыг Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэгт тус төсөлтэй хамтран зохион байгуулж, сургалтуудаа газар дээр явуулсан нь үр дүн сайтай байсан гэж үзэж байна.
Ийнхүү Тогтвортой хөгжлийн төлөөх үр дүн, ололт амжилт, туршлага, шинэ санаачилга, бүтээлч арга зүйг олон нийтэд танилцуулан сурталчлах, хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, Шейцарын Холбооны Улсын 2020 оноос хамтран хэрэгжүүлж буй ТХБ-II төсөл энэ оны 06 сард өндөрлөж байгаа ч сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэн сургах, чадавхижуулах үйл явц үргэлжилж байна.
Сэтгэгдэл