Бид эх дэлхийгээрээ тогтвортой хөгжлийн сорилтуудыг даван туулах, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан байдал, эрүүл, аюулгүй, тогтвортой амьдралын төлөө хамтын чармайлтаа нэгтгэн ажиллаж, амьдарч байна. Швейцар, Монголын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролын суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” /ТХБ-II/ төсөл амжилттай дуусч байгаад туйлын талархалтай байна.
Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг үндэсний түвшний бодлогод төдийгүй орон нутгийн хөгжил, сургуулийн менежент, суралцагчдын өдөр тутмын амьдралд үр дүнтэй нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх байгууллага, сургууль, багш, иргэд олон нийт, хүүхдүүддээ, төслийн хэрэгжилтийг гардан зохион байгуулсан байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төслийн үр дүн, олон амжилтуудыг нүдээр харан та бүхнээрээ үнэхээр бахархаж байна. Үндэсний болон орон нутгийн түвшний төр, төрийн бус байгууллагууд тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх нэгэн зорилгод нэгдэн, түншлэл, хамтын ажиллагааны шинэлэг загварыг бий болгожээ. Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх загвар сургуулиуд экологийн ул мөрөө бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, өв соёл, зан заншлаа уламжлан авч үлдэх, сургалт, үйл ажиллагаа, орчныг “ногоон” болгох, хог хаягдлаа багасгах, ус цахилгаанаа хэмнэх зэрэг тоолж баршгүй олон санаачлагыг гаргаж, ажил хэрэг болгожээ. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн төлөөх сургууль бүр загвар болохуйц үр дүнд хүрч чадсан төдийгүй орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулснаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутгаасаа татаж чадсан нь урьд өмнө нь байгаагүй шинэ жишиг болохуйц хамтын ажиллагааны загвар гэдгийг онцолмоор байна. Энэхүү өргөн санаачилгын үр шим хүртэгч нь Монгол орны хөгжлийн ирээдүй, цөм болсон хүүхдүүд, өсвөр үеийнхэн байгаа нь үнэхээр чухал юм.
Цаашид Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд олсон ололт амжилтаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.