“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” сайн туршлага, ололт амжилтыг түгээв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орон зай, хол ойроос үл хамааран тогтвортой хөгжлийн төлөө нэгдэж, өөрчлөлт хийж, хамтдаа бүтээн, ирээдүй өөд итгэл төгс алхаж буйгаа батлан харууллаа. Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ-ны (хуучнаар) хоорондын гэрээний дагуу 2020-2023 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” (ТХБ-II) төсөл зургадугаар сар хүртэл хэрэгжиж буй.

Уг төсөл үр дүн, сайн туршлага, ололт амжилтаа нэгтгэн дүгнэх, хэлэлцэх, түгээх, улмаар тогтвортой хөгжлийн боловсролыг цаашид бэхжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт үндэсний нэгдсэн арга хэмжээ-чуулганыг жил бүр цахим болон зуны цугларалт хэлбэрээр хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаа “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” эвент арга хэмжээг гурван хэсэгтэйгээр тавдугаар сарын 24-нд “Корпорейт Конвеншн Центр” төвд амжилттай зохион байгуулсан юм. Чуулга уулзалт “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”-аар эхэлж, үдээс хойш “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үр дүн, цаашдын зорилт” сэдвээр үргэлжлэв.

Өсвөр үеийнхний чуулга уулзалтад “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд, залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл өгч, бодлого боловсруулагчдад санал хүргүүлэхээр тогтов. Энэхүү чуулга уулзалт өсвөр насныхан панелистаар оролцож, хуралдааныг удирдсанаараа онцлогтой боллоо. “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үр дүн, цаашдын зорилтын тухайд өгүүлэхэд, тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр 30 сургуульд туршин хэрэгжүүлсэн “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын талаар туршлагаа хуваалцаж, үр нөлөөг хэлэлцэв. Түүнчлэн төсөл хэрэгжсэн орон нутгийн туршлагад тулгуурлан нутаг бүр тогтвортой хөгжлийн боловсролын төлөө хүлээсэн хамтын үүрэг, амлалтаа биелүүлэхэд чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгах хөшүүрэг, тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээний багцыг олж тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн юм.

Чуулга уулзалтад “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн загвар 30 сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчид, төслийн сонгогдсон 6 аймаг, 2 дүүргийн төлөөлөл, олон улсын донор байгууллага, хувийн сектор, салбар яам, төрийн байгууллагын төлөөлөл гээд 300-350 хүн хамрагдав.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” чуулга уулзалтын үеэр зочид, төлөөлөгчид болон зохион байгуулагчдын байр суурийг сонирхлоо. 

Сургуулийн орчноо ногоон болгон тохижуулж, хүүхдүүд хүлэмжид ногоо тарьж сурч байна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн технологийн багш С.Баттулга: 

Цаг төрийн байдал эвгүй байна. Хүмүүс зарим иргэдийг зээлээ татвар төлөгчдөөр төлүүлчихлээ гээд, янз бүрийн хэл ам гаргаж байна.

Монгол Монголоороо л хөгжөөсэй гэж бодож байна. Манай сургууль бүхэл бүтэн гэр цогцолбор байгуулж, өв уламжлалаа хадгалах зорилгоор сурагчдаа сүү, тараг, цагаан идээ хэрхэн боловсруулах вэ, эмээл хазаар, ногт чөдөр юугаар, яаж хийдэг талаар сургаж байна. Хүүхдүүд шагай харваж тоглодог. Тоглохдоо ч зөв тоглоомоор тоглож өсч байгаа учраас ирээдүйд сайн хүн болж хүмүүжнэ гэж бодож байна.

Бидний үед байгаль орчин гоё байлаа шүү дээ. Гэрээсээ гараад хөл нүцгэн явдаг байлаа. Хөл нүцгэн явлаа гэхэд ямар нэгэн хагархай шил хөл зүсчихнэ гэж айдаггүй байлаа. Одоо гишгэхэд ч бэрх болсон байна. Тийм учраас бид сургуулийнхаа орчныг ногоон болгож тохижуулсан. Мөн хүүхдүүдээрээ эко хүлэмж дотор ногоо тариулж байна, тэндээс хүүхдүүд тодорхой хэмжээний мэдлэг олж авч байгаа гэж бодож байна.

“Бид сэтгэхүйн өөрчлөлт авчрах гэж л энэ төслийг санхүүжүүлэн, хамтран хэрэгжүүлсэн”

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Бури:

Боловсрол бол монгол, швейцар хүний хувьд маш чухал юм. Хоёр орны боловсролын асуудал тэргүүлэх ач холбогдолтой салбарын нэг шүү дээ. Швейцарын хөгжлийн агентлаг, Швейцарын Засгийн газар яагаад энэ төслийг дэмжсэн бэ гэдэг асуултад би хариулъя. Швейцарын хөгжлийн агентлаг 2016 оноос сүүлийн 7 жилийн хугацаанд 10-аад сая швейцар франк зарцуулж, энэ төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлсэн.

Төслийн гол ач холбогдол ерөөсөө л өөрчлөлт. “Өөрчлөлт авчиръя” гэсэн уриан дор явагдаж буй энэ чуулганыг би ч дэмжиж байна. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө, хамтаараа эхлүүлэх ёстой. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч нар, сургуулийн захиргаа болон олон нийтийн төлөөлөлтэй ярилцаж үзэхэд өөрчлөгдөөд эхэлчихсэн байна. Өөрчлөлт сэтгэхүйгээс эхэлнэ. Хамгийн түрүүнд бид сэтгэхүйн өөрчлөлт авчрах гэж л энэ төслийг санхүүжүүлэн, хамтран хэрэгжүүлснээрээ онцлог юм. Сайн сайхан ирээдүйн төлөө, сайн сайхан ирээдүй цогцлоохын төлөө бүгд хичээж амьдарч байна. Зөвхөн бидний хүүхдүүд биш, хүүхдүүдийн хүүхдүүд, ирээдүй хойч үедээ бид байгаль дэлхийгээ маш баялаг, сайхан, ногоон чигээр нь үлдээх зорилготойгоор энэ төсөл дээр хамтарч ажилласан.

Бидний хүсэн хүлээсэн өөрчлөлтүүд бодит амьдрал дээр биелэлээ их олсон байна. Өөрчлөлтүүд сургуулиас, өсвөр үеийн хүүхдүүдээс эхэлсэн байна.

Төслийг бид нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар байгаль орчны айгаас эхэлсэн. Гурван айг хөгжүүлж байж тогтвортой хөгжилд хүрдгийг та бүгд мэднэ шүү дээ. Ногоон, эдийн засгийн, нийгэм соёлын гэсэн гурван айгаас бүрддэг. Бид сургуулиуд дээр очлоо. Түрүүн бидний ярьсанчлан сургуулийн орчин сайжрахаар хүүхдүүд шийдвэр гаргах процесст оролцоод эхэлсэн байна. Өнөөдрийн арга хэмжээн дээр та бүхэн харж байгаа байх.

Хүүхдүүд маань өөрсдөө арга хэмжээг удирдаад, чиглүүлээд явж байна. Тэдний тавьж байгаа асуултууд ирээдүйгээ харсан, оновчтой байна. Тэд асуудлуудыг цогцоор нь харах чадварт суралцаж буйг хараад би маш их баяртай байна.

Нийт 30 сургууль дээр манай төсөл зөвхөн сургуулийн гадна орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжээгүй. Энэ сургуулиуд маань олон нийттэйгээ, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидтэйгээ хамтраад, маш олон чиглэлээр ажилласан. Энэ сургуулиуд дээр очоод та бүхэн харсан байх. Ёс заншлаа дээдэлсэн маш олон төсөл хэрэгжсэн. Номын сангууд байгуулагдсанаас гадна орлогоо нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, халуун усны цэг хүртэл байгуулж ажилласан төслүүд байгаа шүү. Төслүүдийн үр дүнг базаад харахад, манай хүүхэд залуучууд өөрчлөлтийн түүчээ болж үнэхээр чадсан байгаад миний хувьд маш их бахархалтай байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл 110 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж дууслаа

Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал М.Итгэл:

Төсөл маань гурван жил хэрэгжээд өнөөдөр өндөрлөж байна. Энэ төсөл гурван зорилтыг хангах хүрээнд явагдсан. Эхнийх нь сургагч багш, сургуулийн удирдлага, орон нутгийн удирдлагын тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 111 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна.

Хоёр дахь нь, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх нь 99 хувь, үндэсний болон орон нутгийн төвшинд бодлогын зөвлөл боловсруулах чиглэлээр ажил 104 хувийн гүйцэтгэлтэйгээр төслийн үйл ажиллагаа дууссан байна. Нийтдээ төсөл 110 хувийн гүйцэтгэлтэй дуусч байна.

Хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Швейцарын хөгжлийн агентлаг манай боловсрол, байгаль орчны юм уу, эсвэл засгийн газрын хүрээнд яаж авч явах вэ гэдэг асуудал дээр бид ярилцаж байна. Тогтвортой хөгжил гэдэг зүйл XXI зуунд хамгийн гол хөгжлийн нэг болж байна. Энэ чиглэлээр манай судалгааны хүрээлэнгийн шинэ сургалтын хөтөлбөр 2-3 жилийн дараа хэрэгжиж эхэлнэ. Бид тогтвортой хөгжлийг ганцхан хичээл байдлаар биш, бүх хичээлд тусгах байдлаар үзэл баримтлалаа боловсруулаад явж байна.

Ахлах ангийн сурагчдаа урианхай үндэсний хувцсаа эсгэж, оёх эрдэмд сургадаг

Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш З.Нарантуяа: 

Нэгдсэн чуулганд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ төслийн хүрээнд Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургууль загвар 30 сургуулийн нэг болсон. Манай сургуулийн хувьд үндсэн төслөө дэмжсэн. Энэ нь маш их ховордож байгаа балган модоо ургуулж тарих, хүнсний ногоо тарьж сурах, мөн хүлэмжтэй болох, дээрээс нь туршилтын талбай, цаашлаад өв соёлын өргөөтэй болох зорилготой төсөл.

Нэгэнт төв соёлын өргөөтэй болсон юм чинь өв уламжлалаа сэргээх, угсаатны ондоошил бий болгох шаардлага гарч ирсэн. Би монгол хэл, уран зохиолын багшаар 29 дэх жилдээ ажиллаж байна.

Өөрийн чаддаг, мэддэгт түшиглээд, эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаад, урианхай угсаатны багц хувцастай болсон. Ахлах ангийн сурагчдаа урианхай үндэсний хувцсаа эсгэж, оёх эрдэмд сургаж байна. Эхний ээлжид сургуулийн багш ажилчид нийлээд 40-өөд хүнийг татан оролцуулж, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажилласан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн гол амин сүнс амьдралын зөв хэв маяг бий болгож, байнга тогтвортой байлгах юм. Түүний нэг нь гарцаагүй мартагдаж буй угсаатны өв соёлыг сэргээх шаардлага гэж бодож байна.

“Сэтгүүлчид маань тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэгтэй болж байна”

“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам:

Би анх тогтвортой хөгжлийн чиглэлээр “Амгалан дэлхий” төрийн бус байгууллага байгуулсан.

Энд эхлээд цахим сонин хариуцаж ажиллах саналтай шалгаруулалтад ороод тэнцсэн. Би үндэсний радиод 20-иод жил ажиллаад, дараагийн сонголтоо хийж, тогтвортой хөгжил рүү ороод байсан юм.

2020 онд цахим сонин хариуцах сэтгүүлч, төрийн бус байгууллага шалгаруулах шалгаруулалтад тэнцсэн. Тэр цагаас хойш зөвхөн цахим сонин гаргах биш, тогтвортой хөгжил өнөөдөр дэлхий нийтэд чухал асуудал болоод байхад бид яагаад хувь нэмрээ оруулж болохгүй гэж бодсон. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр, сэтгүүлчийнхээ хувьд, мэргэжлийнхээ хувьд хувь нэмрээ оруулъя гээд зүтгэсэн.

Энэ төслийн хамгийн гол онцлог удирдлагыг авч явдаг баг төрийн болон төрийн бус байгууллагатай түншилдэг. Аль аль нь ачааллаа тэнцвэржүүлж, хамтарч түншилж ажиллаад өнөөдрийн үр дүнд хүрсэн. Тэр төслүүдийн нэг нь манай “Амгалан дэлхий” төрийн бус байгууллага.

Олон нийтэд боловсрол олгоё, нөгөө талаар клубийнхээ сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн боловсролтой болгохыг зорьсон. Тогтвортой хөгжил гэж чухам юуг хэлээд байгаа, боловсрол нь юунаас эхлэх вэ гэсэн чиглэлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш олон удаа сургалт зохион байгуулсан.

Сэлэнгэ, Орхон, Булган, Хэнтий аймгуудад очиж, өөрчлөлтийг үзэж харангаа газар дээр нь сургалтуудаа хийгээд, сурвалжлаад, дээрээс нь тогтмол “Өглөөний уулзалт”, сургалтууд явуулж, сэтгүүлчид маань тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр мэдлэгтэй болж, олон нийтэд түгээх бас хүсэл эрмэлзэлтэй, аливаа асуудалд хандахдаа яг тэр нүдээр хардаг болж ирж байна.

Төслийн үр дүнгийн тухайд хэлэхэд, засаглалын хувьд салбар салбарынхан орж ирээд, боловсролын асуудал ганцхан боловсролын салбарын асуудал биш юм байна аа, бүгдээрээ оролцвол амжилтад хүрдэг юм байна гэдгийг нэг талаар харж болж байгаа юм.

Хоёрт, энэ төслийн бас нэг үр дүн бол тогтвортой хөгжлийн боловсролын 30 загвар сургууль бий боллоо. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Орхон аймагт. Энэ загваруудыг бусад сургуулиуд аваад хэрэглэх бүрэн боломжтой болсон. Энэ сургуулийн багш нар, сурагчид, энэ сургуулийн баг, мөн аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, мэргэжлийн хяналт ч юм уу бусад мэргэжилтнүүд хамтдаа яваад, тухайн баг бусад сургууль, бусад аймагт заах сургагч багшаар ажиллахад бүрэн суралцсан. Ийм гоё загварууд бий болголоо.

Энэ загварууд нийгэм, эдийн засагт, тухайн хувь хүн, багийн хөгжилд маш том хув нэмрээ оруулж байна. Тухайлбал, Орхон аймгийн нэг сургууль гэхэд жилд гэрэл цахилгааны хувьд хэмнэлт хийж, улсын төсвийг 3 дахин хэмнэж чадаж байна. Бас нэг сургууль өвөл, зуны хүлэмж бариад, биднийг дөрөвдүгээр сарын дундуур явахад өвлийн хүлэмжид нь гүзээлзгэнэ, жимс ногоо ургасан, тэдгээрийг хүүхдүүдийнхээ үдийн цайнд хэрэглэж байх жишээтэй.

Хэнтий аймагт хүүхдүүд гадна, дотнын зочдод Чингис хааны есөн гайхамшгийг англи, монголоор тайлбарлаад, өөрсдөө орлоготой, байгаль орчноо хамгаалах, үүх түүхээ мэдэх, таван үеэ нэрлэх чадвартай болсон.

Одоо хүүхдүүд англиар яаж ярьж, өөрсдийгөө яаж илэрхийлж, энэ хурлыг хэрхэн удирдаж байгааг та харж байна. Энэ бүхэн “Тогтвортойхөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд бойжсон “бүтээгдэхүүнүүд”.

Сэтгүүлч хүний хувьд хөндлөнгөөс харахад, төсөл хэрэгжих хугацаанд засаг солигдохоор удирдлагууд солигдож байсан нь ажилд багагүй нөлөөлсөн.

Сэтгэгдэл