Манай улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол” (ТХБ-II) төслийг Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулга уулзалт нийслэл хотноо энэ сарын 24-нд болох гэж байна.
Чуулганд ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчид, төслийн сонгогдсон 6 аймаг, нийслэлийн 2 дүүргийн төлөөлөл, олон улсын хандивлагч байгууллага, хувийн сектор, БШУЯ, БОАЖЯ зэрэг салбар яам, төрийн байгууллагын төлөөлөл гээд 300-350 хүн хамрагдах бөгөөд төслийн хэрэгжүүлэгч үндэсний түшиц байгууллага Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, бусад оролцогч талууд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцож, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон Швейцарын Хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бури нар “Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн боловсролын төлөө” хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Чуулга уулзалт “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”, “ТХБ-II төслийн үр дүн, цаашдын зорилт” гэсэн үндсэн хоёр сэдвээр болж, төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хүргэж, бодлого боловсруулагчдад санал хүргэнэ.
Энэхүү чуулга уулзалтад өсвөр насныхан панелистаар оролцож, хуралдааныг удирдахаараа онцлог болно хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ