Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ийн ТХБ-II төслийн үр дүнд бүтээсэн ажил амжилтаас:
- Сургуулийн хамт олон, сурагчид өөрсдийн санаачилга, ТХБ-II төсөл, орон нутгийн дэмжлэгээр 2021-2022 онд хог хаягдлаа ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглах зорилготой “Урлахуйн ертөнц” төслөө санаачлан хэрэгжүүлэв.
- Нэг удаагийн хэрэгсэл болон зарим хог хаягдлыг дахин ашиглах туршилтын танхимыг сургуульдаа байгуулав. Сурагчдын энэ чиглэлээр туршилт хийдэг гол газар нь тус танхим. Төслийн үр дүнд сурагчид хаягдлыг хог гэж харахаасаа урьдаж хэрхэн ашиглах аргыг эрэлхийлдэг, өөрсдөө оролддог, хийдэг болжээ.
- Манлайлагчид нь дугуйлангийн сурагчид. Тус сургууль технологийн, урлан бүтээх, эко бордоо бэлтгэх чиглэлээр нийт 10 гаруй дугуйлантай.
- Төслийн хүрээнд нэг жилийн өмнө алимны төгөл байгуулсан бол энэ хавар үрэл модоор тус талбайгаа өргөжүүлэхээр бэлтгээд байна. Ховд аймгийн “Булган голын алим” компанийн сургалт зөвлөгөөгөөр тарьж суулгасан алимны моднууд нь өвлийн хүйтнийг ажралгүй давсан гэлээ.
- Байгалийн ухаан, экологийн хичээлүүд ордог туршилт судалгааны гол талбай нь энэ алимны төгөл, талбай. Өөрсдийнхөө тарьсан алимыг амтална гэж ирэх жилийг сурагчид нь хүлээж буй
- Сурагч, багш, сургуулийн ажилтнууд хамтаараа сургуулийнхаа гадаа бордооны талбай бэлтгэж, ногооны хаягдлаараа эко бордоо гаргаж авч сурав. Бордоогоороо цэцэг, мод бутнуудаа бордож хэвшлээ.
- Буянт сумын сургуулийн хамт олон сайн туршлагаа бусад сургуульд, найзууддаа түгээхэд бэлэн болжээ.
Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ын эцэг эхийн зөвлөлийн гишүүн, тариаланч И.Баасандорж: Манай гурван хүүхэд сумынхаа сургуульд сурч байна. ТХБ төслөөр сургуулийн хамт олны санаачилж хэрэгжүүлж байгаа ажлууд дээр байнга хамтран оролцдог. Тухайлбал манай тариалангийн талбайд сургуулийн зарим ангийнхан ирж танилцаж, хог хаягдал түүх зэргээр оролцож, таньж мэдэж байна. Ковидын хүнд үеийн дараа хүүхэд багш нарын идэвх оролцоог сайжруулахад энэ ТХБ-II төсөл их дэмжлэг болсон болов уу. Өөрчлөлт гарч байна. Ер нь сургуулийн ажилд эцэг эхчүүд бид бас хүчин чармайлт гаргах ёстой болов уу.