Швейцарын Женев хотноо өнөөдөр эхэлсэн “Олон улсын хамтын ажиллагааны форум 2023” дэлхий нийтийн боловсролын хүртээмж, чанар, боловсролын хувирган өөрчлөлттэй холбоотой асуудлаар чуулж байна. Тус чуулганд БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа ТХБ-II төслийн баг оролцож байна.
Цар тахлын өмнө дэлхийн улс орнуудад 10 хүүхэд тутмын 6 нь унших болон математикийн суурь боловсрол авч чадахгүй байсан бол цар тахлын нөхцөл энэ байдлыг улам дордуулсан. Сургуулиуд хаагдснаас хүүхдүүдийн суралцах нөхцөл хүндэрч улмаар сургалтын хөтөлбөрөөс хоцрогдсон. Үүний үр дагавар, сургамж, нөхцөл байдалд тэсвэртэй боловсролын хувирган өөрчлөлт зэрэг нь тус хуралдааны хэлэлцэх, эрэлхийлэх асуудал болохыг онцолж байна.
Өнөөдөр үдээс хойш форумд оролцогчид үзэсгэлэнгээ гаргалаа. ТХБ-II төслийн баг төслийн түшиц 6 аймаг, нийслэлийн хоёр дүүрэг дэх 30 сургуулийн хамт олны тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх санаачилга, үйл ажиллагааны үр дүн, орон нутаг дахь үр нөлөөг харуулсан фото зургаар үзэсгэлэн гаргаж, зарим үр дүнгээ видео нэвтрүүлгээр үзүүллээ.
“Олон улсын хамтын ажиллагааны форум” маргааш “Залуучууд шийдлийн төлөө” уриан дор үргэлжлэх бөгөөд залуучууд шинэ санаа, санаачлага, шийдлээ танилцуулна.