“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ II” ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн социологичдын холбоо Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн эцсийн үнэлгээг 2023 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Эцсийн үнэлгээний зорилго нь төслөөс төлөвлөж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд төслийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт болоод төслийн хэрэгжилтийн нийц, үр өгөөж, үр нөлөөг тодорхойлоход чиглэсэн бөгөөд үнэлгээний хүрээнд 6 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргээс сонгогдсон төслийн зорилтот (30) болон хяналтын (6) сургуулийн 1,709 сурагч, 546 багш, 1,178 эцэг эхээс асуумжийн аргаар мэдээлэл цуглуулсан. Үүнээс гадна ТЗЗҮБ ба ТЗЗОНБ-ийн гишүүд болон сургуулийн удирдлагатай нийт 30 ганцаарчилсан ярилцлагыг зохион байгуулав. Мөн эцэг эх, сурагчидтай 20 бүлгийн ярилцлагыг хийж, баримт бичгийн шинжилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл судалгаанд чанарын болон тоон мэдээлэл цуглуулалтын арга ашигласан ба үнэлгээнд Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ашиглав.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр 2020-2023 онд хэрэгжсэн “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II” төслийн эцсийн үнэлгээний үр дүнг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний нэгдсэн арга хэмжээнд танилцууллаа.
Сэтгэгдэл