Тогтвортой хөгжлийн боловсролын төслүүдэд 10 сая швейцар франк зарцуулжээ

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030” тэргүүлэх чиглэлийн буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийг эхлүүлсэн. Орон нутагт зургаан аймаг, нийслэлийн хоёр дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 30 сургуульд хэрэгжиж, төслийн хугацаа дууслаа. Ийнхүү төсөл хэрэгжүүлсэн сургуулийн төлөөллүүд суралцсан туршлагаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал солилцох чуулганыг өнөөдөр зохион байгуулав.

Уг чуулганы зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг болох,  хамтын санаачилгад талуудын ойлголтыг нэгтгэх юм. Мөн өсвөр насныхан хуралдааныг удирдаж буйгаараа онцлог. Чуулганыг нэгдсэн хуралдаан, дэд салбар хуралдаан, үзэсгэлэн гэсэн хэлбэрээр зохион байгуулжээ.

Ногоон хөгжлийн бодлогын зорилго: Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох.
Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн үр дүн 2021-2030 он гэхэд: Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжинэ.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үндэсний зохицуулагч А.Энхтогтох: “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр уг төсөл маань үндэсний хэмжээнд хэрэгжлээ. “Тогтвортой хөгжлийн боловсрол I” төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг олгох, багшийг чадавхжуулах, ном, товхимол бэлтгэхэд чиглэж байв. Харин “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэл, оролцоонд суурилсан бодит арга хэмжээгээр тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтийн боловсрол болгоход чиглэсэн.

Энэ төсөл хэрэгжсэний дараагаар институтчиллийн бүтцийг бий болгон, цаашид боловсролын чанарын суурь үзүүлэлт болгон хэрэгжүүлнэ.

Микро буюу сургуулиудын түвшинд орон нутгийн байгууллага, эцэг эхчүүд, удирдлагуудтай хамтран ажилласнаар үйл ажиллагааг илүү чанартай болгож, саналыг дэмжүүлэн ажиллах боломжтойг харуулсан арга хэлбэрийг бий болголоо. Нэг үгээр оролцооны арга зүйд суралцлаа.

Төсөл амжилттай хэрэгжсэнийг төслийн төгсгөлийн судалгаагаар илрүүлсэн. Нэгдүгээрт Монгол Улсын бүх насны иргэдийг тогтвортой хөгжлийн боловсролтой болгох, сургалтын зорилтыг 111 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн. Үндэсний хэмжээнд 33,500 орчим багш сурган хүмүүжүүлэгч, иргэд мэдээлэл хүргэж, татан оролцуулсан. Орон нутагт 350 орчим удирдлага, сургуулийн түвшинд 8500 орчим сурагчдыг сургаж, үйл ажиллагаа зохион байгуулсан.

Хоёрдугаарт 250 орчим гарын авлага, видео контент, сургалтын хэрэглэгдэхүүн, зөвлөмж, материал платформыг боловсруулсан.

Түүнчлэн хүүхдүүд орон нутгийн, сургуулийн хэмжээн дэх 130 орчим тулгамдсан асуудлыг илрүүлж, үндсэн болон дэд төслүүд хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн орон нутгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг шийдвэрлэж чадсанаар нь төсөл ач холбогдолтой боллоо гэж үзсэн” гэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурри:

Манай хоёр орны хувьд боловсролын асуудал тэргүүлэх ач холбогдолтой салбар. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд 10 сая швейцар франк зарцуулж уг төслийг санхүүжүүллээ. Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон Байгаль орчин аялал жуулчлал яамтай хамтран зохион байгууллаа.

Өөрчлөлт гэдэг бол сэтгэхүйгээс эхлэх зүйл

Төслийн гол зорилго бол өөрчлөлт. Өөрчлөлт гэдэг бол сэтгэхүйгээс эхлэх зүйл. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн загвар сургуулийн багш, сурагч, ажилтнуудтай уулзахад маш олон өөрчлөлт гарсныг нь төслийн үр дүнгээс нь харлаа. Ногоон байгалийг хадгалж , сайхан нийгмийг ирээдүйдээ хүлээлгэн өгөх сэтгэл зүйг өөртөө хэвшүүлэх нь хамгийн чухал байгаа юм.

Мөн загвар сургуулиудаар очиход сурагчид засаглал буюу шийдвэр гаргах түвшинд оролцож эхэлжээ. Өнөөдрийн чуулга уулзалтыг хүртэл хүүхдүүд ахлан, тайлангаа танилцуулж, цаашдын төлөвлөлтөд нөлөөлж байна. Сэтгэл маш таатай байна” гэлээ.

Орхон аймгийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн сурагч Г.Анужин: Манай сургуульд эрчим хүчийг хэмнэх зорилтыг хэрэгжүүлсэн. Зорилтын хүрээнд “залга, салга, хэмнэ” гэх уриалгаар улайссан гэрлээ солих, байгальд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж батарейг цуглуулах, физикийн хичээлээр туршсан мэдэгдэхүүнээр, гэрийнхээ өрхийн хэрэглээг тооцоолж өмнө ба одоогийнхоо эрчим хүчний зардлын ялгааг тооцоолоход суралцсан. Байгаль хамгаалалд суралцах чиглэлээр 9-11 ангийн сурагчид Герман хүүхдүүдтэй хамтран Хустайн нуруунд судалгаа хийсэн. Энэ нь “тахь ба ургамал” гэсэн сэдэвтэй.

Сайн дадлаар сургуулийн эрчим хүчний зардлаас гурван сая төгрөг тогтмол хэмнэх боломжтойг мэдэж авсан”

Тогтвортой хөгжлийн төсөл хэрэгжиж эхэлснээр сурагчид гэрлээ унтраах, хэрэглээгүй үедээ залгууруудыг салгах зэрэг сайн дадалтай болж чадсан. Энэ сайн дадлаар сургуулийн эрчим хүчний зардлаас гурван сая төгрөг тогтмол хэмнэх боломжтойг мэдэж авсан” гэлээ.

Мөн Орхон аймгийн ерөнхий боловсролын 15-р сургууль төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмжтэй болжээ. Мод, жимс, ургамлыг үрээр нь тарьж турших, байгалийн ухааны хичээлийг онол туршилтаар хослуулах боломжтой болсон байна.

Чуулганд Боловсрол шинжлэх ухааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсролын судалгааны үнэлгээний хороо, ЮНЕСКО-ийн Үндэсний Комисс, Олон улсын байгууллага, донорууд болон төсөл хэрэгжүүлсэн загвар 30 сургууль тус бүрийн төлөөллүүд оролцлоо.

Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл