ЭКО-СУРГУУЛЬ/ЦЭЦЭРЛЭГ ХӨТӨЛБӨР

1992 онд зохион байгуулагдсан НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” бага хурал дээр хүүхэд залуучуудыг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байдаг. Үүнийг үндэслэн “Хөтөлбөр-21”-ийн хүрээнд 1994 оноос Дэлхийн байгаль орчны боловсролын сан “Эко сургууль” хөтөлбөрийг санаачлан Европын зөвлөлийн дэмжлэгтэй туршин хэрэгжүүлж ирсэн нь дэлхий нийтийг хамарсан томоохон санаачилга болон хөгжиж иржээ.

Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгаль орчны удирдлагын тогтолцоо-олон улсын стандарт ISO14001:2015-д суурилсан 7 алхамт аргачлалыг баримталдаг.

Тус хөтөлбөр нь 7 алхамт хүрээ, Эко сургууль, Ногоон тугны үнэлгээ гэсэн 3 бүтцийн элементээс бүрддэг бөгөөд түүнийг улс орнуудын үндэсний операторуудын тусламжтайгаар хэрэгжүүлдэг байна. Монгол Улсын хувьд тус хөтөлбөрийн үндэсний оператор байгууллагаар Байгаль орчны мэдээлэл сургалтын төв /БОМСТ/ ажилладаг байна.

2021 оны байдлаар тус хөтөлбөрийг дэлхийн 70 орны 59,458 гаруй сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 17703 орчим сургууль “Ногоон туг” батламжтай байна.

2021 оны байдлаар Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн үндэсний сүлжээнд бүртгэлтэй 545 сургууль, цэцэрлэг байна. Үүнээс 335 нь ерөнхий боловсролын сургууль, 204 нь цэцэрлэг, 6 нь МСҮТ, коллеж байна. Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн үндэсний сүлжээнд бүртгэлтэй 545 сургууль, цэцэрлэгээс 216 нь хүрэл гэрэгэ, 119 нь мөнгөн гэрэгэ, 73 нь ногоон тугийн болзол хангасан.

Эдгээрээс 2021 онд 30 нь “Ногоон туг”, 32 нь “Мөнгөн гэрэгэ”, 37 нь “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, гэрэгээг тус тус гардан аваад байна.

 

Сэтгэгдэл