Энэ танхимд бага ангийнхан шагай, оньсон тоглоом тоглож, дунд ангийнхан дэл сүүл, ноос боловсруулах, хазаар ногт зангидах, эмээл төхөөрөх, эсгий ширэх уламжлалт арга, үйлээс суралцаж байна. Бөхийн цол, хурдан морины марзай дуудах гэхчлэн арваад төрлийн дугуйлангаас гадна хичээлүүдээр нь монголын уламжлалт зан үйлүүд ч ордог. Сургуулийн багш нараас гадна нутгийн малчид, ахмад настан, монгол үйл урлал хийдэг өв соёл тээгчид энэ танхимын багш нь.
Хэнтий аймгийн Галшар сумын сургуулийн хамт олон хоёр жилийн өмнө “ТХБ-2” төслийн хүрээнд сургууль бүхлээр ажиллах аргачлалаар сургуульдааа үнэлгээ хийхэд олонхи нь нүүдэл, мал аж ахуйн соёлтой холбогдсон уламжлалт ёс заншил, зан үйлээ хүүхдүүддээ сургаж өвлүүлэх нь чухал гэж үзжээ.
Энэ тухай Галшар сумын ЕБС-ийн захирал Б.Мөнх-Оргил ярихдаа “Хэдийгээр манай сум малчин айл олонтой ч отор нүүдэл хийх үеэр хүүхэд багачууд сургууль орчиндоо байдаг. Мөн сүүлийн үед орчин үеийн техник хэрэгслээр нүүдэг болсон зэргээс нүүдлийн соёлууд мартагдаж байна. Сурагч сурагчдаа, гэрийнхэндээ нөлөөлөх, өөрсдийнхөө амьдрал ахуйдаа хэрэглэх, ахмад настан, малчдаасаа суралцах байдлаар манйа сургуулийн санаачилсан ажил үр дүнгээ өгч байна. Бас эцэг эхчүүд нутгийнхан ч дэмжин хамтарч байна” гэлээ. Хэнтий аймгийн Галшарын ЕБС нь “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн түшиц 30 сургуулийн нэг бөгөөд сүүлийн хоёр жилд тогтвортой хөгжлийн боловсролыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.