Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл санаа,агуулга, арга зүй тусгагдсан байдалд хийсэн судалгаа
Зохиолч/ ОрчуулагчТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн он2018
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
2005 оноос ерөнхий боловсролын сургалтын агуулгын стандартыг цогц чадамжинд суурилсан боловсролын стандарт болгон мөрдөж, улмаар ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн шилжилтийн хөтөлбөрөөр дамжуулан хичээл тус бүрт ТХБ-ийг тусгах зорилтыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн боловсролын салбарт 2012 оноос хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээнд хийгдсэн чанарын шинэчлэл нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байдаг.
Монгол Улс, Монголын боловсролын салбар нь ТХ, ТХБ-ын түүхэн хөгжлийн үе шат бүрийн Дэлхий нийтийн шинэ санаачлага, үйл хэргийг нүд салгалгүй ажиглаж, хөл алдалгүй зүтгэж ирсэн. Үүний нэг жишээгээр УИХ-аас 2015 онд нийгэм, эдийн засаг, бизнес, улс орны бүхий л салбарын хөгжлийг урт хугацаанд баримжаалсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон БСШУ-ны Сайдын 2015 оны А/458 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага” бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Эдгээр баримт бичгүүд нь ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрт байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын уялдаа холбоог хангасан цогц байдлаар агуулгын болон арга зүйн шийдлийг хийх, өөрчлөх ажлыг эрчимжүүлэх үйл явцыг дэмжсэн. Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр 2015 оноос өнөөдрийг хүртэл хичээлийн 3 жил үр дүнтэй хэрэгжиж байна. Цаашид цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйг бусад улс орнуудын адилаар ЮНЕСКО-оос 2017 онд гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” буюу “Education for Sustainable Development Goals” гэсэн баримт бичигт дэлгэрүүлэн тодорхойлсон тогтвортой хөгжлийг дэмжих суралцахуйн зорилтуудтай харьцуулан дүгнэж, уялдуулах эрэлт хэрэгцээ гарч байна.