Монгол улсын үндэсний сайн дурын илтгэл

Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Үндэсний сайн дурын илтэл (ҮСДИ) бэлтгэсэн явдал нь бодлогын уялдаа холбоо, институцын тогтолцоо, зохицуулалтын талаар үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал алхам боллоо. Энэхүү цогц шинжилгээнд өдгөө хөгжлийн нэн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлын асуудлыг жишээ болгон авч үзлээ. Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлтийг хангахад илүү чиглэгдэж байгаа нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахад томоохон сорилт болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлт нь дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн хэлбэлзэл болон байгаль цаг уураас хэт хамааралтай байдаг зэргээс шалтгаалан тогтворгүй байна. Хүний хөгжлийн түвшин “өндөр”-тэй улс орны ангилалд Монгол Улс багтаж байгаа хэдий ч ажилгүйдэл, ядуурал ужигарч, тэгш бус байдал гүнзгийрч байгаа нь хөгжил дэвшилд саад тээг болж байна. Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм. Тэгш бус байдал улам гүнзгийрч, “хөгжлөөс орхигдох эрсдэлтэй” хүн амын бүлгүүдийн хүрээ нэмэгдэж байгаа нь хөгжлийн томоохон сорилт болж байна. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Монгол Улс хөгжлийн бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэхдээ “төрийн нэгдмэл бодлого, зохицуулалттай байх” (“all-of-government”), “бүх нийтийн оролцоог хангах, цогц байх” (“all-of-society”) зарчмыг баримталж, институцын тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үйл явцыг амжилттай эхлүүлсэн хэдий ч цаашид бодлогын институцын тогтолцоог улам боловсронгуй болгох талаар дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байна. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд хяналтын механизм чухал бөгөөд статистик, мэдээллийг сайжруулж, оролцогч талуудын мэдээлэл ашиглах, боловсруулах чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зургаан чиглэлийг анхааран ажиллах шаардлагатай байна. Үүнд: - Бодлогын нэгдмэл цогц, харилцан уялдаатай, тогтвортой, залгамж чанартай байдлыг хангах. - Институцын тогтолцоог боловсронгуй болгох. - Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх. - Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хөгжлийн тэргүүлэх зорилтыг хангахад чиглэсэн санхүүжилтийн стратегийг боловсруулах. - Олон талын оролцоог хангаж, түншлэлийг хөгжүүлэх.