Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар нь улсын хэмжээнд 100 гаруй хууль, олон улсын 40 гаруй гэрээ конвенц, УИХ-ын 20 гаруй тогтоол, Засгийн Газрын 300 гаруй тогтоол, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон 430 гаруй дүрэм, журам, 3000 гаруй стандарт, техникийн зохицуулалт, норм нормативын хэрэгжилтэд 27 чиглэлээр хяналт тавин ажилладаг. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын албадын 2000 гаруй улсын /ахлах/ байцаагч, ажилтнууд гүйцэтгэж байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар нь төслийн түшиц байгууллага БСҮХ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “ТХБ-II” төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болон байгууллага бүхлээрээ ажиллах арга хандлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.
ТХБ-ын хүрээнд хийсэн ажил, гарсан үр дүн
- Бид ЕБС-ийн менежментэд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага (СБААХ)”-ыг нэвтрүүлэх замаар “Тогтвортой хөгжлийн төлөөх сургууль”-ийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боловсруулсан “Багц гарын авлага” дахь сургуулийн өөрийн үнэлгээний хуудас, үнэлгээ хийх арга зүй болон төслийн зорилтот 30 сургуулийн өөрийн үнэлгээ хийх аргачлал, туршлагыг судалсан. Улмаар боловсролын байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх 2 кодтой “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудасны сургалтын орчин бүлгийг СБААХ-ын өөрийн үнэлгээний хяналтын хуудастай тохируулан шинэчилж батлуулсан байна. Тус 6.2 кодтой хяналтын хуудаст сургалт-туршилтын талбайн эзлэх хувь, сургуулийн барилга, анги танхим, урлаг-соёлын танхим, биеийн тамирын өрөө, ариун цэврийн өрөө нь эрэгтэй, эмэгтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш суралцах боломжийг бүрдүүлсэн байх, ногоон байгууламж бүхий гадна туршилтын талбайг сургалтад ашиглах, номын сангийн үйлчилгээ, хог хаягдлыг ангилах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Шинэчлэн боловсруулсан хяналтын хуудас ашиглан 2021 онд ерөнхий боловсролын 182 сургуульд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн асуудлуудын 55 хувь нь сургалтын орчинтой холбоотой байв. Энэ нь 6.2 кодтой хяналтын хуудасны шинээр туссан асуултуудын үнэлгээтэй холбоотой байна.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид тус хяналтын хуудсаар дамжуулан ТХБ-ын үр дүн, ахиц дэвшлийг үнэлэх, хянах, зөвлөн туслах замаар сургалтын орчныг хувирган өөрчлөхөд хувь нэмрээ оруулах, хамтарч ажиллах арга хандлагад суралцахын зэрэгцээ сургуулийн удирдлага, багшийн ТХБ-ын мэдлэг, ойлголт, хичээл сургалтын үйл ажиллагаагаар дамжуулж суралцагчдад ТХБ-ын үзэл санаа, арга хандлагыг дадал хэвшил болгон төлөвшүүлж чадаж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд анхаарч байна.
- 2022 онд мэргэжлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх 4 хяналтын хуудасны 1. удирдлага, зохион байгуулалт, 2. сургалтын үйл ажиллагаа, 3. багш болон хүний нөөц, 4. хамтын ажиллагаа гэсэн дөрвөн бүлгийн дэд бүлгийн шалгуур үзүүлэлтэд ТХЗ-ын хэрэгжилтийг шалгах асуултуудыг оруулж, үнэлгээ өгөх талаар зөвлөмж боловсруулсан. Нэмж оруулсан асуултуудад сургуулийн бодлого төлөвлөлтөд эко, ногоон орчин бүрдүүлэх, ТХБ-ын мэдлэг ойлголт, арга хандлагыг түгээх, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээний соёл, эрүүл аюулгүй амьдралын хэв маяг төлөвшүүлэх талаар тусгасан эсэх, сургуулийн түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд багш, суралцагч, эцэг эхийн оролцоог хангаж буй эсэх, хүүхдэд ээлтэй орчин, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг тэгш хамруулах боломж бүрдсэн эсэхэд чиглэж хяналт-шинжилгээ, үнэлгээндээ ашиглаж байна.
- 2021 оны 04 дүгээр сард БОМСТ-тэй хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сэдэвчилсэн болон модуль сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах тоног төхөөрөмж бүхий цахим сургалтын төв байгуулсан байна.
- ТХБ-II төслийн үйл ажиллагааг өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Тогтвортой байдлын хороо” байгуулсан бөгөөд нийт 12 ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Жендерийн үндэсний хорооны “Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан”-тай танилцаж, Тамгын газрын хүний нөөцийн ажилтнуудад мэдээлэл өглөө. Үүний үр дүнд байгууллага жендерийн тэгш байдал, оролцоонд үнэлгээ хийх зорилгоор 2 төрлийн судалгаа авч, үр дүнг нэгтгэсэн байна.
- 2022 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол-тогтвортой хяналт” сургуулийн нийтлэг асуудал хэрэгцээг тодорхойлох 2 өдрийн сургалт зохион байгуулав. Сургалтад 8 аймаг, нийслэлийн дүүргийн боловсрол, соёлын асуудал хариуцсан хяналтын 20 улсын байцаагч, Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгийн 46 ажилтан, 8 зохион байгуулагч, ТЗЗҮБ-ийн 15 гишүүн, нийт 89 хүн оролцож, сургалтын үр дүнг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн байна.