Боловсрол, шинжлэх ухааны яам

2023-11-13

Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж, бодитой үр нөлөө үзүүлэх олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллаж байна.

  1. Боловсролын салбарын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, төсвийн болон гадаадын хөрөнгөөр санхүүжих төсөл боловсруулах, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийн нэгтгэх, салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахимжуулах;
  2. Шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжлийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлж, улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд чиглүүлэх;
  3. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх;
  4. Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх;
  5. Боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход эрх зүйн дэмжлэг үзүүлэх;
  6. Боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг шинэчлэх, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн өргөжүүлэх;
  7. Боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх;
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын болон яамны үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх.

https://www.meds.gov.mn/