ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ УТҮГ

2023-02-01

БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (УТҮГ) нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Засгийн газрын 316-р тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол орны цэнгэг усны нөөц болон бусад байгалийн нөөц баялгийг хамгаалах,  байгаль орчны талаарх мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах, бүх нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээний ажил эрхлэх зорилго бүхий сургалт судалгааны байгууллага юм.

Төв нь байгуулагдсан цагаасаа хойш экологийн боловсрол олгох сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, байгаль орчны чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулах, байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх, байгаль орчны танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цэнгэг усны загасны аквариум болон нэн ховор, ховор амьтдын биет үзмэр бүхий музейгээр иргэд олон нийтэд үйлчлэх, усны туршилт, шинжилгээний лабораторит оюутан, сурагчдын онолын мэдлэгийг бататгах сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулж  нийт 170,000 гаруй хүнд хүрч үйлчилж байна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахыг эрхэм зорилгоо болгон ирээдүйд Үндэсний хэмжээний байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төв болохоор зорин ажиллаж байна.

 

ТУХАЙН БАЙГУУЛАГЫН  БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 28-ны А/464 дүгээр тушаалаар батлагдсан  бүтцээр 25 үндсэн, 3 гэрээт ажилтны орон тоотой.

Зураг 1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН ТХБ-Д ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР, ОРОЛЦОО

Тогтвортой хөгжлийн боловсрол I төслийн хүрээнд 2016-2017 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид болон шийдвэр гаргах түвшинд ойлгуулах, дэлгэрүүлэх, улс эх орноо цаашид тогтвортой хөгжлийн замаар хөгжүүлэх олон нийтийн хандлагыг бий болгох, салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах зорилготойгоор “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол”, “Төсөл бичих арга зүй” гарын авлагуудыг боловсруулж, сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Монгол Улс дахь Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны газар болон Монгол Улсын

БСШУСЯ-ны хооронд байгуулсан 81064206 тоот гэрээ, БСШУС-ын Сайдын “Төслийн хэрэгжилтийн тухай” 2020 оны A/168 дугаар тушаалаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв  нь “ТХБ-II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж байна.

ТХБ-ЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ, ГАРСАН ҮР ДҮН

  1. “Ногоон оффисийн менежмент аргачлалыг нэвтрүүлэх” гарын авлага боловсруулах

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн баримт бичгийн хүрээнд “Олон улсын  “Ногоон ажлын байрны менежмент” аргачлалын дагуу оффисын тоног төхөөрөмж, хэрэглээний материалыг худалдан авах ногоон худалдан авалтын нийтлэг журам, шалгуурыг боловсруулж хэрэгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд ногоон оффис эрчим хүч, ус, бусад нөөцийг хамгийн үр ашигтай хэрэглэх, байгаль орчныг шууд болон шууд бусаар бохирдуулахыг багасгах, бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгаль орчны бохирдол, доройтлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд өөрсдийн хувь нэмрийг оруулахад чиглэгдэнэ.

Тус ажлын хүрээнд “Ногоон оффисийн менежмент аргачлалыг нэвтрүүлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гүйцэтгүүлсэн. Энэхүү гарын авлагад Ногоон оффисын хэрэгжүүлэх алхмуудыг товч, ойлгомжтой, судалгааны үндсэн дээр тайлбарлан, амьдралд хэрэгжүүлж болохуйц санаа, зөвлөмжүүдийг оруулсан. Ямар ч байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэгддэг эрчим хүч, шатахуун тослох материал, техник хэрэгсэл, тавилга, цаас, бичгийн хэрэгслийг худалдаж авахдаа ногоон худалдан авалтын зарчмуудыг баримталж, тогтвортой бөгөөд ногоон худалдан авалт хийснээр хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна, эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой. Иймээс энэхүү гарын авлагаар дамжуулан бизнес, олон нийт, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид өөрсдийн үйл ажиллагааны хэвшил, дадал зуршил, хэрэглээгээ хянаж, “Ногоон ажлын байр”, “Ногоон орчин”, “Ногоон хэрэглээ”-г бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын эсрэг, тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах болно.

 

  1. “Хүрээлэн буй орчны тогтвортой байдал” сургалтын модуль боловсруулах

“Хүрээлэн буй орчны тогтвортой байдал” сэдвийн хүрээнд сургагч багшийн, багшийн, 11-14 насны үе тэнгийн сургагч хүүхдүүдэд зориулсан хүрээлэн буй орчны талаарх мэдлэг олгох, байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж, хамгаалах чадвар эзэмшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хойч үедээ өвлүүлэн үлдээх тухай хандлага төлөвшүүлэх зорилго бүхий 3  сургалтын модулийг боловсруулсан. Сургалтын модулийг дараах бүтэцтэй боловсруулсан.

  1. Амьд биеийн харилцан хамаарал
  • Эго ба Эко түүний ялгаа
  • Экосистем
  • Экосистемийн үйлчилгээ
  1. Экологийн ул мөр тооцох
  • Экологийн ул мөр
  • Монголчуудын экологийн ул мөр
  • Экологийн ул мөрийн нөлөөллүүд
  1. Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт
  • Байгалийн нөөц
  • Байгалийн нөөцийн ангилал
  • Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах
  1. “Орон нутгийн брэнд, эрүүл эко удаа хийх” төсөл хэрэгжүүлж, экологийн ул мөрийг багасгая

Уг сургалтын модуль нь тогтвортой хөгжлийн үзэл санааг гэр бүл, сургуулийн анги танхим, нийгмийн бусад орчин гэх мэт бүх түвшинд хэрэгжүүлэх, ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө экологийн ул мөрөө багасгаж, хүрээлэн буй орчноо тогтвортойгоор ашиглаж, хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.