БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

2023-01-26

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байна.

Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх хүрээнд БОАЖЯ-аас манлайлан “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангаж, тайланг жил бүр Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хүргүүлж байна. Тус яам нь БСҮХ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “ТХБ-II” төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болон байгууллага бүхлээрээ ажиллах арга хандлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхийн төлөө ТЗЗҮБ-ийн гишүүн байгууллагаар ажиллаж байна.

Бид тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ногоон эдийн засаг, ногоон худалдан авалт болон тогтвортой амьдралын хэв маягийг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон тооны арга хэмжээ, хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд заримаас нь дурдъя. Үүнд:

  • Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын төрөлжсөн 5 байгууллагаас санаачилсан “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөр (НЭЗТТ)-т нэгдэж, олон улсын байгууллагуудтай 2013 оноос идэвхтэй хамтран ажиллаж байна. НЭЗТТ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр сургуулийн ногоон барилгын жишиг зураг төсөл боловсруулах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулах, Засгийн Газрын худалдан авалтыг “ногоон” болгоход чиглэсэн тогтвортой худалдан авалтын эрх зүйн болон зах зээлийн судалгаа хийж, цаашид үе шаттайгаар нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн мэдлэг олгох, байгаль хамгаалал, цэвэр технологийн стандарт, норм, нормативыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх зэрэг ажлыг хийсэн. Тодруулбал, барилгын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдуулан боловсруулж, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан. Тогтвортой худалдан авалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан.
  • Өрх бүрд нэг байгаль хамгаалагч бий болгох, байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлж зөв дадлыг төлөвшүүлэн байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг 2018 оноос эхлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна.
  • 2019 онд эдийн засгийн чиглэлийн их сургуулиудад заах “Тогтвортой санхүү” хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо, МУИС, ХААИС, СЭЗИС-ийн багш нарын багтай хамтран боловсруулсан. Улмаар 2020 оны хичээлийн жилээс эдийн засгийн чиглэлийн зарим их сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
  • 2019-2020 онд салбарын хүрээнд ой, ус, хөрс, байгаль орчны бохирдол болон ISO 14000 байгаль орчны менежментийн тогтолцооны зэрэг нийт 21 стандартыг боловсруулж, Монгол Улсын үндэсний стандартаар батлуулсан. Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж 2019-2020 онд 80 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлсэн.
  • Хог хаягдлын менежментийг сайжруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд машины хаягдал дугуйг цуглуулан, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй аргаар дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэж, Нийслэлийн 24 цэцэрлэгийн 6000 м2 хэмжээ бүхий гадна талбайг тохижуулж, мөн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зорилгоор 10 м3-ээс доошгүй багтаамжтай зориулалтын 50 гаруй цэгийг Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байгуулсан байна.
  • Сургуулийн барилгын эрчим хүчний хэрэглээнээс ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор Нийслэлийн СХД-ийн XXII хорооны 122 дугаар сургуулийн халаалтын системд газрын гүний дулааны насос суурилуулсан. Мөн 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг 32 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бойлуур болон хийн зуухаар сольсон байна.

https://met.gov.mn/