Хээрийн экосистемүүд
Зохиолч/ ОрчуулагчВ. Г. МОРДКОВИЧ, Б.Батхуяг, Н.Мандах, Б.Онон
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2020
ISBNISBN 978-5-906284-48-8
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
Энэ ном анх 1982 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл хээрийн бүсийн экологийн талаар орос хэл дээр бичигдсэн шилдэг бүтээл байсаар иржээ. Шинжлэх ухааны хувьд мадаггүй атлаа уншихад хялбар бичигдсэнээрээ, зохиогч өргөн цар хүрээт мэдлэг, баялаг үзэл бодлоороо хээрийн талаарх “чухал бүхнийг” багтаангаа хамгийн амин гол сэдвийг гүнзгий нээн таниулж, таамаглалаа нээлттэй дэлгэн өгүүлснээрээ энэ ном манай орны хээрийн судлалд хосгүй өвөрмөц бүтээл болсон билээ. Уншигч энэ номоос хээрийн экосистем гэж чухам юу болох, бусад экосистемээс ямар ялгаатайг ойлгож (энэ бол санагдаж байгаа шигээ тийм ч амар зүйл биш ээ), хээр болон дэлхийн энд тэнд байх ойролцоо экосистемүүдтэй нарийн танилцана. Энэ номд хээрийн хувьсамтгай байдлын газарзүйн үндсэн эрэмбэ дарааллыг авч үзэж, уур амьсгалын нөхцөл болон бусад хүчин зүйлтэй хэрхэн
уялддагийг нь харуулсан байна. Зохиогч мөн хээрийн биомын үүслийн түүхэн үйл явц болон хувьсах хөгжлийн замналын талаарх үзэл санаагаа илэрхийлж, хээрийн экосистемийн өвөрмөц нөхцөлд ургамал, шавж болон сүүн тэжээлтнүүд хэрхэн өвөрмөц арга хэлбэрээр дасан зохицсоныг тоймложээ.
Хээрийн экосистемийн зохион байгуулалт буюу бүрдүүлэгч гол экологийн бүлгүүд, тэдгээрийн харилцан үйлчлэлийн механизмууд, орон зайн зохион байгуулалт (ташингат, хээ угалзат, катены), биологийн эргэлтийг дэлгэрэнгүй авч үзсэн байна. Хээрийн экосистемийн онцлог болсон гайхалтай динамик шинж, цаг хугацаанд хувьсах чанарыг энэ бүтээлд анх удаа хөндөж, нарийвчлан авч үзжээ. Цэвэр экологийн асуудлын зэрэгцээ хээрийн биомын онцгой эмзэг байдал ба доройтол, хээрийн экосистемийг сүйтгэлгүй ашиглах зэрэг байгаль хамгааллын асуудлыг ч хөндсөн байна.
Өргөн цар хүрээг хамарсан энэ бүтээл бүх асуултад хариу өгөхгүй, хээрийн бүсийн судалгааны бүх талыг хөндөөгүй ч цаашид хээрийн судлалын талаарх бүтээлүүдтэй танилцах болон хээрийн экосистемийг бие даан судлахад хамгийн сайн суурь болж чадна.
Энэхүү бүтээлийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан ба ОХУ-ын Байгаль Орчны Яам хамтран хэрэгжүүлсэн “Орос Улсын хээрийн биом дахь ТХГН-ийн удирдлагын тогтолцоо ба механизмыг сайжруулах нь” төслийн санхүүгийн дэмжлэгээр “Сибирийн экологийн төв” нэртэй муж дундын сайн дурын олон нийтийн байгууллагаас эрхлэн гаргав.
Зохиогчийн үзэл санаа, дүгнэлт зэрэг нь түүний хамтран ажиллаж буй НҮБ-ын ХХ, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын үзэл бодлыг илтгээгүй болно.