Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ нэгдсэн тайлан 2019
ТАНИЛЦУУЛГА
Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтий уулын ар, өврөөс эх авах Номин, Нэргүй голын бэлчирээс Туул нэрийг авч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнтэй нийлж, улмаар ОХУ-ын нутаг дэвсгэрт Байгаль нуурт цутгана. Туул голын эх авах цэгийн солбицол: Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Х.Ө 480 30’58.9”; З.У 1080 14’08.3”; голын адаг буюу Орхон голд цутгах цэгийн солбицол: Х.Ө 480 56’55.1”; З.У 1040 47’53.2”. Ус хурах талбай нь 49’774.4 км2, голын нийт урт 717 км. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамаарна.
Байгалийн бүс, бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ уулын тайгын бүс, ойт хээрийн бүсийг дамнан, Улаанбаатар хотоос доош хээрийн бүсээр урсдаг ба Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Заамар, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум зэрэг нийт 10 сум, Улаанбаатар хотын 4 дүүргийн /Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан/ нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Туул голын сав газарт Нийслэл хотын төвийн 7 дүүрэг, Төв аймгийн Зуунмод хот болон Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 11 нийт 20 сумын төв ордог. Газар нутгийн хувьд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Баянхангай, Лүн, Заамар, Зуунмод, Өндөрширээт, Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумын нутаг дэвсгэр бүхэлдээ, бусад 5 дүүрэг, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн 28 сумын нутаг дэвсгэр хэсэгчлэн хамрагддаг бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсацын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй, энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нь улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Туул голын усны нөөц, бохирдолтын талаар цөөнгүй судалгаа хийгдсэн боловч сав газрын хэмжээнд төлөв байдлын нэгдсэн, цэгцтэй үнэлгээ гараагүй байсан бөгөөд энэхүү Үнэлгээний карт нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд суурь мэдээлэл болон ашиглагдах юм.