Тогтвортой хөгжлийн боловсрол боловсролын баримт бичиг боловсруулагчдад зориулсан гарын авлага
ТАНИЛЦУУЛГА
1992 онд Бразил улсын Рио-Де Жанейро хотод болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний хүрээлэн байгаа орчин ба хөгжил” дээд хэмжээний уулзалтаас “Хөгжлийн хөтөлбөр-21” болон бусад баримт бичгийг баталж “Тогтвортой хөгжил”- ийн загварыг дэвшүүлсэн байна. Энэ хуралдаанаар дэлхийн экосистем улам доройтож байгаагаас өнөөгийн хөгжлийн загварыг хэвээр хадгалах боломжгүй болж байгааг дүгнээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл нь боловсрол мөн гэж тодорхойлсон байна. Үүнээс тогтвортой хөгжлийн гурван багана нь эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм гэж үзэж байна.
Тогтвортой хөгжлийн гурван багана нь нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, экосистемийг хадгалах гэсэн гурван асуудлыг нэг нь нөгөөгөө (мөн ирээдүйг эсвэл одоог) золиослохгүй байхаар харилцан хамааралд нь зохицуулах санааг илэрхийлдэг ажээ. Тогтвортой хөгжлийг хангах нь дэлхий ертөнцийг зөвхөн одоогийн хүмүүс төдийгүй ирээдүй үеийнхэн амьдрахад тохиромжтой газар байлгахын тулд хүн төрөлхтний хийх ёстой үйл ажиллагаа юм. Тогтвортой хөгжлийг хангахад боловсролыг ашиглахын чухлыг заасан Иоханнесбургийн шийдвэрийг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2005-2014 оныг Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил болгон зарласан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс Олон улсын байгууллагууд болон улс орнууд тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хөтөлбөр, 2002 оны Иоханнесбургийн төлөвлөгөөнөөс гадна НҮБ-ээс 2000 онд гаргасан “Мянганы хөгжлийн зорилтууд” ЮНЕСКО-оос гаргасан “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээ”, “Бичигтэн болох НҮБ-ын 10жил”-ийн зорилт, үзэл санаанд тус тус баримжаалан үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.
Монгол Улс 2005 онд энэхүү “Тогтвортой хөгжлийн боловсрол Монголд” хөтөлбөрт нэгдэн орж, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих ажиллагаа явуулах үүрэг хүлээн ажиллаж байна. 2005-2006 онд Байгаль Орчны Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн анхны хувилбарыг боловсруулж 2007- 2011 онд Ерөнхий Боловсролын сургалтын хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн үзэл санааг суулган интеграцчилах, сургалтын хөтөлбөрийг боловсруулан гүйцэтгэх мэргэжлийн багийг БСШУЯ-аас томилон ажиллуулсан байна.
Өнөөдөр монгол Улсын боловсролын төрийн бодлого, сургалтын агуулга, чиглэлийг авч үзвэл Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох тухай тухайлсан бодлого байхгүй ч тогтвортой хөгжлийн тавьж буй зарим шаардлага, үнэт зүйлсийг харгалзан тусгах зайлшгүй шаардлага урган гарч байна.