Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын гарын авлага (Албан бус боловсролд зориулав)

Зохиолч/ ОрчуулагчНасан туршийн боловсролын үндэсний төв
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн он2017
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавар нь өнөө үед улс орнуудын тогтвортой хөгжилд нөлөөлөхүйц, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэсэн нэн тулгамдсан асуудал болоод байна. Газарзүйн онцлог, уур амьсгалын өвөрмөц нөхцөлөөс шалтгаалж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий улсын нэг юм. Иймд Монгол Улс тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг 1993 онд, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг 2016 оны 9-р сард соёрхон батлаад байна.

Монголчууд бидний хувьд өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх байгалиа хайрлах, газар орны нөхцөл байдалтайгаа зохицон амьдрах арвин их мэдлэг, соёл уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилттай хослуулан ашиглах замаар уур амьсгал, байгальтайгаа зохицон “Ногооноор хөгжих” өргөн боломж байна. Улсын Их Хурал 2014 онд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг баталж, “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлэн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн 6 үндсэн зорилтыг тодорхойлсон. Энэхүү бодлогын стратегийн 5-р зорилтод “Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно” гэж заасан. Иймээс бидний өмнө байгаль орчны хууль тогтоомжийг мөрдүүлэх, дэлхий нийтийн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг өөрийн орны өвөрмөц онцлогт тулгуурлан хэрэгжүүлэх, орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлууд шийдлээ хүлээж байна.

Монголын хувьд тогтвортой хөгжлийн төрийн бодлого цэгцэрсэн, холбогдох эрхзүйн баримт бичгүүд батлагдан гарсан. Гэвч тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг хөрсөн дээр буулгаж амьдралд хэвшүүлэх, гол нь хүмүүсийн ухамсар сэтгэхүйд тогтвортой хэрэглээ, амьдралын ухаан суулгах ажил эхлэл төдий байна. Иймд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулж эрүүл, цэвэр орчинг бүрдүүлэх, эко аялал жуулчлалыг бодит утгаар нь төлөвшүүлэх, ногоон технологи нэвтрүүлж амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг боловсруулан нийтийн хүртээл болгоод байна. Энэхүү гарын авлага нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдлэгийг илүү олон хүнд хүргэх, өв уламжлалаа сэргээх, ногоон эдийн засгийн талаарх олон улсын тэргүүн туршлагаас суралцан амьжиргаагаа тэтгэх, ахуй, амьдралын хэв маягаа өөрчлөх, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний талаар шинэлэг санааг олж аван ногоон хөгжлийг амьдралын хэмнэл болгоход бодитой хувь нэмэр оруулах болно.