Тогтвортой хөгжил-Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт
Зохиолч/ ОрчуулагчМонголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Г. Гансүх, И.Бямбахүү
Хэвлэсэн газарАзийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг
Хэвлэсэн он2015
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
Хүрээлэн буй орчин, түүний бүрэлдэхүүн хэсгүүд хүн төрөлхтний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлдэг гэдгийг олон эрдэмтдийн судалгаанаас харж болно. Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимт хөрс болон бусад биологийн олон янз байдлууд нь өөр хоорондоо байгалийн өвөрмөц хуулиар нягт холбогдож, экосистемийн тэтгэх чадамжийг бүрдүүлнэ. Үүнийг энгийнээр байгалийн тэнцэл буюу экосистемийн тэнцвэрт байдал гэж хэлдэг. Экосистем гэдэг нь өөр хоорондоо амьдралын болон идэш тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд биес болон тэдгээрийн бодис, энергийн солилцоонд зайлшгүй хэрэгтэй орчин, амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо юм. Нөгөө талаас экосистемийн тэнцвэртэй байдал нь урт хугацаанд хүн, амьтны тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж байдаг.
Хүмүүс хэрэглээгээ хангахдаа хүрээлэн буй орчныхоо экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд санаатай болон санамсаргүй хэлбэрээр сөргөөр нөлөөлж, аажмаар өөрсдийнхөө амьдрах орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг устгаж байна. Тухайлбал, ан гөрөө, байгалийн ургамал, түүний үр жимсээр амьдарч байсан тэртээх эрин үед хүмүүс байгалийн баялагийг экосистемийн өөрөө өөрийгөө тэтгэх чадамжийн хүрээнд ашиглаж байсан бөгөөд энэ нь байгаль дэлхий өөрийн жам ёсоор нөхөн сэргэх боломж, бололцоог хангаж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хүмүүсийн үйл ажиллагаа байгалийн нөөц баялаг хомсдох, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулах зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөгүй байжээ.
Байгалийн арвин нөөц баялагтай улс орнууд хөгжлийнхөө тодорхой үе шатанд улс орныхоо эдийн засаг, өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээг хангахын тулд байгалийн нөөц баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ирэв. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж байна. Шинэ машин техник зохион бүтээж, технологи нэвтрүүлэн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, байгалийн нөөц ашиглах, төвлөрсөн хот суурин байгуулах, ашигт малтмал олборлохын тулд ус намгархаг газрыг хатааж, ойг хавтгайруулан огтолж, голын гольдролыг өөрчилж, байгалийн баялагийг эрчимтэй ашиглахын хэрээр экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, хүрээлэн буй орчны эрсдэл нэмэгдсээр байна.
Энэхүү эрсдлийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах болон нөхөн сэргээхэд тогтвортой хөгжлийн зарчим болон ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирлээ. Ялангуяа аливаа байгалийн нөөцийг ашиглахаас өмнө улс орны эдийн засагт оруулах үр ашиг, нийгэмд үзүүлэх хувь нэмэр, байгаль орчинд нөлөөлөх олон талт байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр талуудын оролцоотой сайтар тооцон үзэж шийдвэрлэх нь тогтвортой хөгжлийн эхний алхам юм. Байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа ашиглагч болон өртөгч талуудын оролцоог жигд хангаж, бүс нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэ чухал цаг үед “Тогтвортой хөгжил-Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт” гарын авлагыг байгаль орчны хамгаалал, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэчлэн боловсруулж олон нийтийн хүртээл болгож байна.
Энэхүү гарын авлага “Тогтвортой хөгжил”, “Байгалийн нөөц ашиглалт”, “Тогтвортой хөгжлийг хангахад талуудын оролцоо”, “Олон талт зөвлөлийн үйл ажиллагаа” гэсэн дөрвөн бүлгээс бүрдэнэ. Мөн Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн зарим заалтууд, болон орон нутагт тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн зарим компаниудын санаачлага жишээг агуулсан болно. Гарын авлагыг боловсруулахдаа аль нэг оролцогч талд зориулсан байдлаар бус харин оролцогч бүх талуудад санаа өгөх, тэдгээрийн цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилгоор зөвлөмж болгон гаргав. Үүнийг нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжилтэн болон байгалийн нөөц ашиглагч хувийн хэвшлийн байгууллагууд авч ашиглах боломжтой.