“Тогтвортой хөгжлийн боловсол-II” төслийн суурь судалгааны тайлан
Зохиолч/ ОрчуулагчТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2021
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн хөгжил, цаг үеийн нөлөөгөөр хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл сургаал өөрчлөгдөж, үүнтэй холбоотой хөгжлийн талаарх үзэл хувьсан өөрчлөгдөж байна. XX зуунд “Байгалаас хишиг горьдож суухгүй, харин түүнийг булаан авах хэрэгтэй” гэсэн харалган үзэл, хандлага ноёрхож, эл үзлийн үр дагавар нь хүн төрөлхтөнд байгаль, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудал, тогтворгүй хөгжлийг бий болгож, бүхий л экологийг (байгаль, нийгэм, соёлын г.м.) хямралд хүргэсэн билээ.
Тэгвэл XXI зуунд ТХ-ийн үндсэн үзэл баримтлалыг “Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломж, чадварт нь эрсдэл үүсгэхгүйгээр одоогийн хэрэгцээг хангах хөгжил” хэмээн тодорхойлж байна. (Байгаль орчин болон хөгжлийн Дэлхийн Комисс, WCED,1987). Тогтвортой хөгжил гэсэн нэр томъёо нь агуулгын хувьд ногоон хөгжил, ногоон эдийн засаг гэсэн нэр томьёог илэрхийлэх ба Монголын уламжлалт амьдралын хэв маяг, арга ухаантай уялдаатай, нэршлийн хувьд шинээр хэвшиж буй зүйл юм. ТХБ-ын цөм үзэл баримтлал нь сав, шим ертөнцийн нөөц баялаг, үнэт зүйлийг хувь хүн, бүлэг, улс үндэстэн зөвхөн ашиг олох, хөлжих өрөөсгөл зорилгоор бус, харин эдгээр баялаг, үнэт зүйл хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн үндсийн үндэс болдог тул туйлын ээлтэй хандах, хэвийн төрх байдлыг хадгалах, нөгөө талаас ирээдүй хойч үеийнхний хэрэгцээг хангах зорилготой билээ.