Ой модоор аялцгаая
Зохиолч/ ОрчуулагчГ.Сэлэнгэ
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2011
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
Бид модны талаар хэр их мэддэг вэ? Харахад энгийн нэг мод бидэнд хэчнээн сонирхолтой түүх, баримтыг хэлж өгдөг гэж санана. Мод бүхэн амьтай байдаг. Тэд яг л бидэн шиг идэж, ажиллаж, амьсгалж, унтаж, гэмтээвэл уйлдаг гэвэл чи итгэх үү?
Эрт дээр үеэс манай ард түмэн гол, булгийн эхийн ойг хөндөхийг хатуу цээрлэн ургамал, газар, чулууг нь ч хөндөлгүй хуурай гишүү, мөчир, унасан модыг түүж ойг цэвэрлэх маягаар авч хэрэглэн ашгийн бус зорилгоор, зөвхөн ахуйн хэрэгцээндээ үр жимс, эмийн ургамал түүдэг байсан нь ойн экосистем хадгалагдан үлдэх нөхцөлийг бүрдүүлж байжээ. Хэнтий аймгийн аварга хөрөөчин, мод бэлтгэгч нэгэн хүний яриаг бид зориуд дурдахыг хүссэн юм. “Миний эзэмшсэн мэргэжил хөрөөчин ч би хөрөөдөх гэж байгаа модонд шувууyны үүр байгаа эсэхийг эхлээд сайтар ажигладаг. Шувууны үүрийг сүйтгэхгүй байх нь хамгийн чухал. Дараа нь хөрөөдөх модны ойр орчмын зулзган модыг гэмтээхгүйгээр унагаах талаас нь анхаардаг” гэж ярьж байсан нь үнэхээр бахадмаар.
Энэхүү номондоо бид мод хэмээх гайхамшигийн тухай, түүний ашиг тус, үр өгөөжийн талаар хүүхдүүд та бүхний мэдлэгт нэмэр болгох мэдээллийг орууллаа. Монгол улсын ирээдүйг авч явах бяцхан дүү нар минь амьд байгалиа хайрлан хамгаалж, бага ч гэлтгүй өөрсдийн тус дэмээ үзүүлж байгаарай! Энэхүү номноос мэдэж, сурч, ойлгосноо бусдад түгээх нь амьд байгалийнхаа төлөө оруулж буй хувь нэмэр юм шүү гэдгийг ямагт санаж яваарай!