Монгол улс Байгаль орчны гүйцэтгэлийн тайлан
ТАНИЛЦУУЛГА
Энэхүү Монгол улсын Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ (БОГҮ) нь тухайн улсын байгаль орчны менежментийн салбарт 1987 оноос хойш олсон ололт амжилтын ерөнхий үнэлгээ юм. Үнэлгээ нь хууль эрх зүй болон бодлогын тогтолцоо, тэдгээрийн хэрэгжилт, эдийн засгийг ногооруулах, байгаль орчны мониторинг хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоо, тогтвортой хөгжлийн боловсрол зэрэг асуудлыг хамарсан болно. Түүнчлэн БОГҮ нь агаарын бохирдол, биологийн олон янз байдлыг хамгаалах, ус, хог хаягдал болон газрын менежмент зэрэг улс орны хувьд онцлог чухал ач холбогдол бүхий асуудлуудын тухай авч үзсэн. Мөн байгаль орчны асуудлыг ойн болон эрүүл мэндийн салбарын бодлоготой хэрхэн уялдуулж байгаа асуудлыг авч үзэж, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул гамшгийн эрсдэлийн менежментэд олсон ололт амжилтыг онцлон тэмдэглэсэн болно.
Үнэлгээнд цаашлаад Монгол улсын байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа Риогийн гурван конвенцид хэрхэн оролцож ирсэн байдалд нарийвчилсан бодлогын дүн шинжилгээ хийсэн байдлыг тусгасан. Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд олсон амжилт, мөн түүнчлэн дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шийдвэрлэвэл зохих саад бэрхшээл, сорилтуудын талаар авч үзсэн болно.
Монгол улсын БОГҮ хийх ажил нь 2017 оны 1 дүгээр сард үнэлгээний тайлангийн бүтэц агуулга болон гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө тохирох зорилгоор хийсэн бэлтгэл хангах айлчлалаар эхэлсэн. Олон улсын мэргэжилтнүүдийн баг үнэлгээ хийх ажлаа 2017 оны 5 дугаар сарын 22-30–ны хугацаанд гүйцэтгэсэн. Үнэлгээний тайлангийн төслийг Монголын талын санал авах, мөн БОГҮ -ний асуудлаарх ЕЭЗК-ын Мэргэжилтнүүдийн багт хянуулахаар 2017 оны 9 дүгээр сард хүргүүлсэн. Мэргэжилтнүүдийн баг 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болсон уулзалтаар тайлангийн төслийг, ялангуяа олон улсын зөвлөхүүдийн тайланд хийсэн дүгнэлт болон зөвлөмжүүдийн талаар Монгол улсын төлөөлөгчидтэй хамтран хэлэлцсэн болно. Мэргэжилтнүүдийн багийн санал болгосон нэмэлтүүдийг тусгасан тайлангийн зөвлөмжүүдийг 2017 оны 11 дүгээр сарын 16 –нд болсон ЕЭЗКын Байгаль орчны бодлогын хорооны 23 дугаар чуулганаар нэмэлт хяналт хийлгэхээр хэлэлцүүлсэн. Энэхүү нэмэлт хяналт хийх хуралд Монгол улсын өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд тус Хороо нь тайланд оруулсан зөвлөмжүүдийг баталсан юм.