Монгол улсын ТХБ/ТХ/НХ-ийн өнөөгийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт болон хэтийн төлөвийн суурь судалгаа
ТАНИЛЦУУЛГА
Судалгааны агуулга, арга зүйг сонгож боловсруулахдаа зөвлөх үйлчилгээний гэрээнд тусгасан даалгавар болон Дэлхийн түвшинд 2015 оноос ТХ ба ТХБ-ын хүчин чармайлтын шинэ үе эхлэж байгаа онцлогийг тооцож, Монгол Улсын ТХБ-ын өнөөгийн төлөвийг тоймлон үнэлж, цаашид чухам юуг чухалчлах шаардлагатай байгааг тус тус үндэслэл болно.
Энэхүү тайлангаар танилцуулж буй суурь судалгааны ажлын зорилго нь эхний хувилбараар Монгол Улсад 1997-2005 онд хэрэгжсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон ЮНЕСКО-ийн “ТХБ-10 жил”-ийн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагааны суурь нөхцөл байдал, удирдлага зохицуулалт, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулахад тусгах зөвлөмж боловсруулахад оршиж байсан. Гэвч Мянганы хөгжлийн зорилтууд (MDG)-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDG) болгон шинэчлэн өөрчилж, “ТХБ-10 жил” дуусаж, ЮНЕСКО-оос өнгөрсөн 10 жилийн үйл явц, үр дүнг үнэлж, цаашдын 15 жилийн үйл ажиллагааг төлөвлөөд байгаа энэ цаг үеийн онцлог байдлыг харгалзан үзээд судалгааны зорилгыг зөвхөн үндэсний хөтөлбөр төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор ТХБ-ын бодлого, стратегээ нарийвчлах, хэрэгжилтийн менежментээ боловсронгуй болгох арай өргөн хүрээнд харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд боловсруулахад чиглүүлсэн.