Монгол улсын боловсролын суурь мэдээллийн тайлан
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын “Боловсролын суурь мэдээллийн тайлан (БСМТ)” буюу “Country Background Report (CBR)” боловсруулах судалгааны ажил нь Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг тоймлон үнэлж дүгнэх үндсэн дээр “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-нд баримжаалан Монгол Улсын боловсролыг 2019-2030 онд хөгжүүлэх 4 дэх Мастер төлөвлөгөөг боловсруулах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын нэг юм.
Монгол Улсын “Боловсролын суурь мэдээллийн тайлан (БСМТ)” боловсруулах судалгааны шалтгаант зорилго (purpose) нь боловсролын бодлогын тоймт үнэлгээ (ББТҮ) хийх, салбарын орчлын нэгдсэн анализ хийх, шинэ Мастер төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай боловсролын бүх дэд секторууд болон тэдгээрийг дамнасан гол асуудлуудыг бүрэн хамарсан 2006 он болон аль болох урт хугацааны бүрэн бүтэн өгөгдөл мэдээллийг цуглуулж, тэдгээрийн өөрчлөлтийн динамик, харилцан хамаарлыг харуулах, улмаар тэдгээрт анхан шатны ерөнхий дүгнэлт, зөвлөмж гаргахад оршино.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын БНБ-ын хөгжлийн өнгөрсөн цаг үеийн ололт амжилт, сургамж, өнөө үеийн төлөв байдал, ирээдүйн хандлагын талаар үнэлгээ дүгнэлт гаргах, мөн системийн ажиллагаа ба үр дүнгийн давуу сул тал, боломж, аюул занал, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтооход шаардлагатай мэдээллийг цуглуулан боловсруулж, боловсролын хөгжлийн өнөөгийн болон ойрын үед тохиолдож болзошгүй дутагдал, хомсдлоос улбаатай сорилт, бэрхшээлийг тодруулах, өнгөрсөн үеийн үйлийн сургамжийг тоймлон ялгахад тус тус оршино.
Судалгааны зорилтууд (objectives) нь дараах асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсролын бодлого, төлөвлөлтөд болон хэрэгжилтэд шинжилгээ хийх, үнэлгээ, дүгнэлт өгөх, цаашид анхаарах санал зөвлөмж гаргахад чиглэсэн. Үүнд:
- Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ба бодлогын нөлөөлөл
- ТХЗ 4-Боловсрол 2030-ын өнцгөөс харсан Дакарын үндсэн 6 зорилт, 12 стратеги, ТХБ-10 жилийн зорилтуудын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтийн байдал
- 2030 он хүртэл ТХЗ 4 ба товлосон 10 зорилтод хүрэхээр тодорхойлсон хөгжлийн бодлого, стратегийн сонголт
- Засгийн газрын манлайлал, нэгдмэл удирдлага, зохицуулалтын түвшин
- Боловсролын хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөрүүдийн төлөвлөлтийн хэрэгжилт
- НҮБ, олон улсын болон бусад байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийн үр өгөөж, мэдээлэл, хяналт-шинжилгээний тогтолцоо
- Материаллаг бодит нөөц боломж
- Салбарын болон байгууллагын хүний нөөцийн чадавх гэх мэт