Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага

Зохиолч/ ОрчуулагчБоловсрол, шинжлэх ухааны яам
Хэвлэсэн газарШвейцарийн Хөгжлийн Агентлаг
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн улс орнууд хөгжлийн стратегиэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд баримжаалан өөрчлөх болсноор хүний эрхийг хангах, нийгмийн шударга ёсыг хэвшүүлэх, амьдралын эрүүл орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудын холбоо хамаарал, ард иргэдийн оролцоонд тулгуурлаж байна.

Монгол улсын Засгийн газраас 1997 онд батлан хэрэгжүүлсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын чиг хандлагыг байгальтай зохицон амьдрах, байгаль орчноо хайрлан хамгаалж, сайжруулах, эрүүл аж төрөх үйлд суралцах, байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглахад суралцах, байгалийн сайхныг үнэлэх, хүндэтгэх гэж тодорхойлон ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид сургалтын хувьсах агуулгын хүрээнд 1998 оноос экологийн хичээлийг судалж эхэлжээ.

Ерөнхий боловсролын сургалтын агуулгын стандартыг мэдэхийн төлөө, хийж бүтээхийн төлөө, оршин байхын төлөө, хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө суралцах цогц чадамжид суурилсан боловсролын стандарт болгон 2005 оноос мөрдөн, улмаар ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хичээл тус бүрийн хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зорилтыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.