ЕБС-ийн шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахад ТХБ-ын үзэл баримтлал, агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх зөвлөмж

Зохиолч/ ОрчуулагчТ.Ням-Очир, А.Энхтогтох, М.Итгэл, Д.Мөнхжаргал, Х.Отгонбаатар, Н.Оюунцэцэг, Х.Энхжаргал, Э. Шинэцэцэг
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2022
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Энэхүү зөвлөмжид дурьдсан зүйлсийг нэгтгэн дүгнэж үзвэл сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бүтэцчилсэн хүрээний загварын төсөөлөл гарч ирнэ. Энэ нь суралцагч төвтэй хөтөлбөр байх бөгөөд суралцагчийг чин шударгуу зан төлөвтэй (uprightness), суралцахуйн арга барил эзэмшин өөрийн авьяас чадвараа хөгжүүлдэг (learning to learn), бусадтай хамтран ажиллаж төвөгтэй асуудлыг шийдвэрлэж чаддаг (collaborative problem solving skill), амь биеэ тэжээхүйн чадвартай (survival skill), эх байгальдаа болон бусдад ээлтэй амьдрах зөв хандлагатай (respect for mother nature) иргэн болон төлөвших үйл явцыг дэмжихэд чиглэнэ.

Дэлхийн улс орнууд сургалтын хөтөлбөрийн цөмд уламжлалт өв соёлыг нэгтгэсэн хэл ярианы чадвар (oracy), дэлхий дахины оюуны өвийг зэмшихэд чиглэсэн бичиг тэмдэгтийн олон талт чадвар (multi literacy), мэдлэг, мэдээллийн нийгмийн эрин үед шаардлагатай дижитал чадвар (digital literacy), иргэд нь сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг нийгмийн гол шинж болох сайн сайхан байдал (well-being) зэргийг байршуулж хичээлүүдийн агуулга, арга зүйг интегралчлах. Үүний дараагийн тойрогт ерөнхий чадвар, чадамжууд, хичээлүүдийг багцийг байршуулах зэргээр сургалтын хөтөлбөрийн бүтэцчилсэн хүрээг гаргасан байна.

Боловсролын сэтгэл судлалын ухааны судалгаагаар, өдгөө хүмүүнд хэл ярианы, логик математикийн, бие бялдрын, хөгжмийн, харилцааны, орон зайн, дотоод ертөнцийн, байгаль орчны гэсэн 8 төрлийн оюун ухаан байгааг нотолсон байдаг тул ЕБС-д судлах судлагдахууныг хэл хүмүүнлэгийн ухаан, математик мэдээллийн технологи, хөгжим, бие бялдар, нийгмийн ухаан, техник технологи, байгалийн ухаан гэсэн 7-8 багцад зангидах боломжтой.

Дэлхийн зарим улс орон сургалтын хөтөлбөрийг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц гэж үзээд боловсролын гаднах төлөөллийн оролцоон дээр суурилан хамтран боловсруулах бүтцийг бий болгон ажиллаж байна. Манай улсын хувьд сургалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн хүрээнд боловсруулсан баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ирсэн уламжлалтай. Орчин үед сургалтын хөтөлбөрийг бүтээгдэхүүн биш, олон хүнийг хамарсан динамик үйл явц хэмээн үзэж, өөр өөр тэргүүлэх чиглэл, сонирхол, хэрэгцээтэй бүлгүүдийн оролцоо, санал хүсэлтийг зайлшгүй харгалзан үзэх боллоо. Ингэснээр аливаа өөрчлөлт тэдний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд нөлөөлж, хэрэгжих боломж нэмэгддэг болохыг ЮНЕСКО тэмдэглэсэн байна.

Боловсролын үндэсний зөвлөл нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалыг боловсруулах, олон нийтэд хэлэлцүүлэх, оролцогч талуудаас шинэ санаа хүлээн авах, санал болгох яриа хэлэлцээ, нөлөөллийн боломжуудыг удирдах, үндэсний зөвшилцөл бий болгох, сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн урт, дунд хугацааны үйл ажиллагаа болон санхүүгийн төлөвлөлт хийх чиг үүрэгтэй ажиллах түр зөвлөл байна.

Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулан сургалтын хөтөлбөрт өөрчлөлт/шинэчлэл хийх үйл явц нь КОВИД-ын нөхцөл байдал, ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдолтой байгаа өнөөгийн нөхцөл байдал, шинэ сургалтын хөтөлбөр, цахим сурах бичиг боловсруулах цаг хугацаанаас хамаараад 2026 оноос үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх шахуу төлөвлөлттэй ажиллахаар байна.