Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын хөтөлбөр сургагч багшийн гарын авлага
ТАНИЛЦУУЛГА
Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол (ТХ/НХ/ТХБ)-ын асуудлаар дэлхийн хэмжээнд сэтгэж, үзэл санааг ойлгон ухаарч, амьдарч буй орон нутагтаа зохистой үйл ажиллагаа явуулах нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг чухал санаа юм. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас дэлхий нийтийг хамарсан энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр амьдарч буй орчноо илүү сайн ойлгон ухаарч, тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу үйл хийх, амьжиргаагаа тогтвортой авч явахын тулд тогтвортой хөгжлийн боловсролтой байх хэрэгцээ, шаардлага тулгарч байна.
Дэлхийн түвшинд “Тогтвортой хөгжлийн боловсрол” гэж нэрлэгдэж буй энэхүү боловсролыг хэн нэг хүнээр заалгах, аль нэг номоос унших замаар эзэмших боломжгүй бөгөөд иргэн бүр ТХ/ТХБ-той холбоотой мэдээллийг интерактив хэрэглэх, тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай хамтран оролцох, ТХ-ийн төлөө бие даан үйл хийх, бусдыг уриалах зэргээр санаачилгатай ажиллаж, амьдран өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан байж тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмших боломжтой. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүсийг хий хоосон ярих биш үйл хийх, хийхдээ сэтгэлгээ болон үйлийн арга барилаа XXI зууны шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөхийг шаардаж байна.
ТХБ-ыг нэг удаагийн сургалт, үйл ажиллагаагаар эзэмших боломжгүй бөгөөд өмнө хийж бүтээсэн үйлийн давуу, сул талыг байнга дүгнэн, дараагийн үйл ажиллагааг илүү ахисан түвшинд, илүү чанартай хэрэгжүүлж, насан туршдаа суралцан эзэмших боловсрол юм. ТХ/НХ/ТХБ-ын сургагч багш бэлтгэх зорилгоор боловсруулсан энэхүү сургалтын модуль хөтөлбөрийн агуулга, арга зүй нь суралцагчдад Тогтвортой хөгжлийн боловсролын цогц чадамж эзэмшүүлэхэд чиглэх ба сэдэв бүрд ТХ-ийн тулгуур гурван багана болох нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудлыг тусган хэрэгжүүлэхээр боловсруулсан.
Уг хөтөлбөрөөр зохион байгуулсан сургалт бүрд ТХ/НХ/ТХБ-ын тодорхой нэг асуудлыг сонгон авч, уг асуудлын хүрээнд үндсэн сургалтын хөтөлбөр, материалд баримжаалан сургагч багш нар орон нутгийн онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, сайн туршлага солилцох, сайжруулахад зөвлөх баг арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан.