ТХЗ-ын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй багшийн гарын авлага (Бүрэн дунд)

Зохиолч/ ОрчуулагчБоловсролын хүрээлэн
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2021
ISBN978-9919-9714-3-4
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн улс орнуудын хөгжил, хүн амын өсөлт, техник технологийн хурдацтай дэвшил, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт нь хүн төрөлхтний түүх, ахуй амьдралын хэв маягт олон шинэ сорилтыг бий болгож байна. Дэлхий нийтээрээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, харилцан ашигтайгаар хамтран хөгжих бүхий л боломжийг эрэн хайж, хүн төрөлхтөний хийгээд түүний өлгий болсон Эх Дэлхийнхээ тогтвортой байдлын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирлээ.

Тухайлбал, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Эх Дэлхийгээ хувирган өөрчилье: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг 2015 онд баталж, энэхүү хөтөлбөрт ядуурлыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах, боловсролын хүртээмж ба чанарыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээг ТХ-ийн 17 зорилго, 169 товлосон зорилт болгон дэвшүүлж, хамтран хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан билээ. Хүмүүс илүү сайн сайхан, тогтвортой ирээдүйг цогцлоож, тогтвортой амьдралын гол арга хэрэгсэл буюу замчлагч (driver) нь боловсрол мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, 2017 онд ЮНЕСКО-оос “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилтууд” буюу “Education for Sustainable Development Goals: А Learning Objectives” гэсэн баримт бичгийг гаргасан юм. Түүнд дэлхийн хүн бүрийг суралцагч хэмээн үзэж, ТХ-ийн дээрх баримт бичигт буй зорилго, зорилтуудыг хангахад чиглэсэн суралцахуйн зорилтууд, агуулгын сэдвүүд, арга хандлага, арга техникийг тусгайлан тодорхойлсон байна.

Энэхүү удирдамжид улс орнуудын олон жил хэрэгжүүлэхээр зорьж байгаа Бүх нийтийн Тогтвортой хөгжлийн боловсролын үйл хэргийг эрчимжүүлж, боловсролд тогтвортой хөгжлийн зорилго, агуулга, арга зүйг интеграцчилах замаар “Боловсролыг тогтвортой хөгжлийн төлөө хувирган өөрчлөх” гэсэн дэлхий нийтийн шинэ санаачилгыг бодит үйл хэрэг болгох арга замыг тодруулж өгсөн юм. Түүнчлэн 2020 онд дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн хямрал төдий биш юм. Энэ бол хүмүүн төрөлхтний амьдралын бүхий л талыг хамарсан гүн гүнзгий хямрал бөгөөд тухайн нэг улс орны төдийгүй, дэлхий нийтийн байгаль, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээний засаглал тэр тусмаа дэлхийн хүн бүрт өдөр тутмын ажиллаж, аж төрөх арга ухаан, зан үйлээ эргэн харж өөрчлөхийг тод томруун мэдрүүлсэн үйл явдал болж байна.

Уг номын эрэлт нэмэгдэж, хүртээмжийг өсгөх шаардлагатай байгааг харгалзан “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд төслийн түшиц байгууллага болох Боловсролын хүрээлэнгийн манлайлал дор анхны “зузаан” номын I, II, III бүлгийг тусад нь 1 ном (хөтөч), IV бүлгийг бага, суурь, бүрэн дунд боловсролын 3 түвшнээр бүлэглэн зохиомжилж 3 гарын авлага бүхий нийт 4 номоос бүрдсэн багц болгон дахин хэвлүүлж, уншигч Танд өргөн барьж байна.