ESD > ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Уламжлалт ёс заншил, соёл, амьдралын хэв маягийн олон төрөл байдлын дунд бид нэг гэр бүл, эх дэлхийн нэгээхэн хэсэг билээ. Дэлхий нийтээрээ байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой ирээдүйг хангах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа өнөө үед тогтвортой хөгжил (ТХ), тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын асуудлаар олон тооны тунхаглал, бодлого, үйлийн хүрээ, замын зураглал, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, хөтөлбөр нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн дэвшлийг тэнцвэртэйгээр хөгжүүлж байж, амжилтад хүрнэ гэсэн утгыг агуулж байгаа юм. (Зураг 1)

Тухайлбал, 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтвортой хөгжлийн асуудалд боловсрол ба хүний гүйцэтгэх үүргийг чухалчилж “ТХБ-10 жил” хөтөлбөрийг баталж, 2005-2014 онд дэлхий нийтээр хэрэгжүүлсэн. Тус баримт бичигт ТХБ-ыг дараах байдлаар тодорхойлсон байна.

“ТХБ нь хүн бүрд өнөөгийн болон хойч үеийнхээ төлөө соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн, байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нийгмийн шударга ёсыг хангаж, эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэй шийдвэр гаргах эрх мэдлийг олгож буй явдал юм”

НҮБ-аас 2015 онд “ТХБ-ын Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр (2015-2019)”-ийг баталж, хэрэгжүүлсэн. Дээрх хоёр хөтөлбөрийн ололт амжилт, сургамжид суурилж дараагийн 10 жилд дэлхий нийтээр хэрэгжүүлэх “ТХБ-2030” нэртэй үйлийн шинэ хүрээ, замын зураглалыг боловсруулж, 2019 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74 дүгээр хуралдаанаар баталсан. “ТХБ-2030”-д ядуурлыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг чиглэлээр 17 зорилго, 169 зорилтыг томьёолж, эдгээрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байна. Эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд ТХБ чухал үүрэг гүйцэтгэхийг анхааруулж, улс орон бүрд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын баталсан “ТХБ-ын дэлхий нийтийн үйл ажиллагааны хөтөлбөр (2015-2030)”-т нийцүүлэн үндэсний бодлого, хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэхийг зөвлөмжилсөн байна.

Зураг 1. ТХБ-ын талаар баримталж буй бодлого: Олон улсын байгууллагын туршлага

Дэлхий нийтийг хамарсан энэ үйл явцтай Монгол улс хөл нийлүүлэн зэрэгцэн урагшлахын тулд боловсролын үйл хэргийг бодит үр дүнд хүргэхийн төлөө үүрэг хүлээн оролцох хэрэгтэй нь зайлшгүй юм. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгасан боловсролын бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр тухайн улс орон нийгэм, эдийн засаг, улс төр болоод экологийн талаар тогтвортой хөгжих боломж бүрдэх юм.

1992 онд баталсан “Даян дэлхийн 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг үндэслэн 1998 онд Монгол улсын Засгийн газар “Монголын үйл ажиллагааны хөтөлбөр-21”-ийг баталсан нь манай орныг тогтвротой хөгжилд хөтлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх анхны суурь бичиг баримт болсон байна.

Монгол Улс 2014 онд ТХБ-оор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Ногоон хөгжлийн бодлого”, 2016 онд УИХ-ын тогтоолоор “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг тус тус баталж байжээ. ТХҮБ-2030-аар тогтвортой хөгжлийн гурван тулгуур: нийгэм-соёл, эдийн засаг, байгаль орчинд үндэслэсэн Монгол улсын хөгжлийн гол зарчим, алсны харааг тогтоосон. 2018 онд Засгийн газрын 209 дүгээр тогтоолоор “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь бүх нийтэд ТХБ-ыг эзэмшүүлэх, улмаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго агуулсан.

Монгол Улс нь 3.4 сая хүн амтай, 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэйгээр явагдаж хүн амын ихэнх (ойролцоогоор 46.9 хувь) нь хот, суурин газарт амьдарч байна. Бидний амьдралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг хүндрэлтэй асуудлууд өдөр тутам тулгарч байна. Байгалийн нөөцийг ашиглан баялгийг бүтээхийн хэрээр экологийн сорилтууд тулгарч улмаар тогтвортой хөгжлийн зарчимтай зөрчилдөж буйг иргэд олон нийт ойлгодог болж байна. Иймээс иргэд хот, суурин газрын агаарын бохирдол, уул уурхайн ашиглалтаас үүдсэн нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрууд, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, бэлчээрийн талхагдал, цөлжилт, усны хомсдол, гол, нуур ширгэх, бохирдох, ойн доройтол, ховордсон зэрлэг ан амьтдын тоо цөөрөх зэрэг хүндрэлтэй асуудалд анхаарлаа хандуулж байна. Мөн соёлын өв, үнэт зүйлсийг хамгаалах талаар санаа тавьж, эрүүл зөв хооллох гэх мэт амьдралын хэв маягийг илүүд үзэж, хэрэглээний эд зүйлсийн сонголт ба хэмжээнд ач холбогдол өгдөг болжээ.

Монгол улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.