feature-top

Эмэгтэйчүүдийн хүчээр тогтвортой хөгжинө

Туркийн нийслэл Анкара хотноо болсон нэгэн хурлын үеэр Олон Улсын Валютын Сангийн захирал Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтдөө эмэгтэйчүүдийн чадавхыг ашиглаж чадахгүй байгаа цорын ганц улс нь Энэтхэг биш ч хүн ам ихтэй тус улсын хувьд эмэгтэйчүүд томоохон дэмжлэг болох учиртайг тэрбээр энэ үгээрээ дайсан юм.

Япон, АНУ л гэхэд ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш байдлыг тусгаснаараа ДНБ-ээ 5-9 хувиар өсгөөд буй бөгөөд Турк улс мөн эмэгтэйчүүдийн хүчээр ДНБ-ээ 22 хувиар нэмэгдүүлэх нөөц бий гэдгийг хатагтай Кристин Лагард мөн онцолсон байдаг.

Учир нь дэлхий нийтээрээ ирэх 15 жилд Тогтвортой хөгжих бодлогын 17 зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах бөгөөд үүний нэг чухал хэсэг нь эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс тэнцүү хүртээх юм. Үүний тулд шийдвэр гаргах түвшинд, ялангуяа, эдийн засаг, улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэлээд нэмэгдүүлэх шаардлага улс орон бүрт тавигдаж буй юм.

g1

            “Сонгуулийн хууль эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн”

Харин манай улсын хувьд жендерийн тэгш байдлыг хангах талаар ахицтай байгаа ч хангалтгүй хэвээр. Өнгөрсөн УИХ Сонгуулийн хуулийн төсөлд санал нэгдэх гэж нэлээд цаг алдсан. Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “УИХ болон Орон нутгийн сонгуульд нийт нэр дэвшигчдийн 30 нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Мөн Төрийн үйлчилгээний албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой тухай заалтыг хассан. Ингэснээр эмч, багш нар сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулсан ч үндсэн ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах боломжтой болсон. Энэ зохицуулалт нь цаад утгаараа эмэгтэйчүүдийн оролцоог хангахад дэмжлэг болж байгаа юм. Учир нь Төрийн үйлчилгээний албан хаагч буюу эмч, багш нарын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг” хэмээн тайлбарлаж байсан ч хуулийн төсөл гишүүдийн “гар” дамжсаар эцэстээ эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 10 хувь болгож бууруулсан.

Монгол Улсын хувьд 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр энэ онд дуусгавар болж буй. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд манай улс 2015 он гэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт тавьсан байсан. Энэ хувьдаа хараахан хүрээгүй ч ямар ч байсан 2008 оны сонгуулийн дараа Парламентад дөрвөн хувь эзэлж байсан эмэгтэй гишүүд 2012 онд 14.5 хувьд хүрсэн нь чамлахааргүй амжилт. Гэвч нийслэл, орон нутаг, ИТХ-д эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэнэ гэсэн том зорилттой манай улсын биелэлт дэндүү хангалтгүй явж ирсэн. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд зөвхөн МАН-аас нэр бүхий 146 эмэгтэй нэр дэвшсэнээс 88 нь тойрогтоо ялалт байгуулсан амжилттай байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын дарга нэг орлогчоороо эмэгтэй хүн томилсон нь урагш гишгэсэн нэг алхам болж байна.

            Эмэгтэйчүүд зөв шийдвэр гаргаж чаддаг

Яагаад заавал эмэгтэйчүүдийг энэ бүхэнд оролцуулах шаардлагатай гэх асуулт энэ бүхнээс урган гарна. Яагаад гэвэл нийгмийн талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхийн тулд тэдний оролцоо шийдвэр гаргах түвшинд ч тэр хэмжээний хувьд байх шаардлагатай нь логик ойлголт. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх бус, эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангах л хэрэгцээ юм. Яагаад гэвэл эрчүүд асуудлыг хэтэрхий ерөнхий авч үздэг тул нийгмийн тодорхой хэсгийн асуудал шийдэгдэхгүй, бодлогоос хоцордог. Харин эмэгтэй хүн зовлон, жаргалыг ойлгож, асуудлын гүн рүү ордог учраас нийгэмд хэрэгцээтэй шийдвэрийг гярхай олж хардгаас гадна бүтээмжийн хувьд хавьгүй илүү байдгийг олон улсын жишээ, тооцоо, судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшинд аль нэг хүйс давамгайлахад тэнцвэртэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрч, улмаар сөрөг тал нь нийгэмд бий болдог ажээ. Эмэгтэйчүүдийн арга барил өөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн Швейцарь, Дани, Норвеги, Канад зэрэг Скандинавын орнууд өдгөө аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлж байгаа нь үүнийг нотолно.

Парламент дахь эмэгтэйчүүдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг Африкийн Руанда энэ амжилтад богино хугацаанд хүрч чадсан байдаг. 2013 оны сонгуулиар Парламентын 80 суудлын 51 буюу 63.8 хувийг эмэгтэйчүүд авсан. Учир нь нэг сая хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөнийг эмэгтэйчүүд зогсоож чадсан түүхтэй. Ер нь эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажилласнаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг гол салбарт түлхүү анхаарахаас гадна нийгмийн орхигдсон эмзэг бүлгийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж, хурц асуудлыг зөөллөж, зөв шийдвэр гаргаж чаддаг давуу талтай. Энэ л бидний хүсээд байгаа тогтвортой хөгжлийн үндэс билээ.

g2

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд сүүлийн 20 жилд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэлхий даяар хамгийн үр дүнтэй нэмэгдүүлж чадсан гэж үздэг. Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо энэ хугацаанд дэлхийд 11.7-19.4 хувиар өссөн талаар НҮБ-аас мэдээлсэн. Тэгвэл 2014 оноос эмэгтэйчүүдийн нэмэгдүүлэхэд улс орнууд эрчимтэй анхаарах болсон нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн өсөлтийн хурд 66 хувьд хүрснийг “Financial Times” онцолжээ. Үүнд, Их Британи, АНУ, ХБНГУ багтаж буй. Түүнчлэн Ази тивээс Япон улс Абэгийн бодлогын хүчээр эмэгтэйчүүдийн оролцооны өсөлтийг 84.9 хувьд хүргэснээрээ тэргүүлж байна. Энэ мэтчилэн хөгжиж буй төдийгүй өндөр хөгжсөн орнууд ч жендерийн тэгш байдлыг хангах замаар тогтвортой хөгжих бодлогод анхаарч байгааг монголчууд анзаарахгүй өнгөрч болохгүй.

g3

https://sustainabledevelopment.un.org/sdg5,
http://www.un.org/sustainabledevelopment/gender-equality/
Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:35:06 Уншсан тоо:  121

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.