feature-top

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч эмэгтэйчүүдийн оролцоо

190 гаруй улс орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дэлхийн хамгийн том уулзалтаар Парис хотноо чуулж байна. Дэлхийн дулаарлын асуудлыг шийдэх түүхэн зөвшилцөлд хүрэх найдлага тэд өвөрлөж байгаа. Дор танилцуулах 13 эмэгтэй энэхүү үйл хэргийн улаан шугаманд зогсч буй.

 

НҮБ жил бүр уур амьсгалын өөрчлөлтийн тухай чуулган зохион,  том жижиг гэлтгүй улс орнуудыг чулуужсан түлшнээс татгалзахыг ятгахаар ажилладаг билээ. Энэхүү жил бүрийн чуулганыг Талуудын Чуулган (Conference of the Parties) хэмээн нэрлэдэг бөгөөд өдгөө 21 дэх жилдээ Парист зохиогдож байна. Өмнөх хэлэлцээрүүдээр Киотогийн Протокол, Копенгагэний Тохиролцоо зэрэг чухал гэрээнүүд батлагдаж байсан ч энэхүү 21 дэх чуулганаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан уур амьсгалыг шийдвэрлэхэд бүх орнуудад үүрэг хүлээлгэх дэлхийн анхны гэрээ батлагдахаар хүлээгдэж байгаа юм.

Буруу хөдөлвөл алдах зүйлс бидэнд урьд өмнөхтэй харьцууулшгүй их болоод байна. Аж үйлдвэржилтийн үеэс өмнө буюу 19-р зуунтай харьцуулбал дэлхийн дундаж температур  2 градусаар нэмэгдвэл  дэлхийн экосистемд аюултайг судлаачид тогтоосон бөгөөд манай дэлхий 1880 оноос хойш аль хэдийн 0.85 градусаар дулаарчихаад байгаа. Гэхдээ, шийдэмгий арга хэмжээ авах тал дээр улс орнууд хэзээ ч ийм ойрхон ирээгүй бөгөөд тэр хэрээр их итгэл найдвар тавьж буй. Ингээд өрчлөлтийг авчрах замыг гаргаж буй 13 хүчирхэг эмэгтэйг Инез фон Ламсвийрд болон Винуд Матадин нарын буулгасан хөргийнх нь хамтаар танилцуулж байна.

01climate-change-portraits

“Бидний хувьд энэ нь хууль тогтоомжтой холбоотой асуудал биш, харин амьд үлдэх эсэх тухай.

ХИНДУ УМАРУ ИБРАХИМ

Хинду Умару Ибрахим нь гамшигт үер, зуд өдгөө тасрахаа байсан Чад улсын Сахэл бүс нутгаас гаралтай. Уур Амьсгалын Өөрчлөлтийн талаархи Олон Улсын Уугуул Иргэдийн Форумыг хамтран удирддаг тэрээр Чад, Нигерия, Камерон болон Нигер улсуудын 30 сая орчим хүний амь амьдралыг тэтгэдэг Чад нуур хатан үгүй болж буйтай холбогдон тулгамдаж буй хүмүүнлэгийн болон экологийн асуудлыг даамжруулахгүй барих талаар ажилладаг. “Эмэгтэйчүүд хоорондоо нэгдэж чадвал ямар ч гэрээ, хэлэлцээрээс илүү үр дүнд хүрч чадна ” хэмээн Ибрахим өгүүлнэ. “Яагаад гэвэл, ирээдүй бидний гарт гэдгийг бид мэднэ”.

02climate-change-portraits

“Олон шинэлэг санаа, нээлтүүд төрөн гарч байна, илүү олон нээлтүүд хийгдэх орон зай ч бас байна. Бид зоригтой байх хэрэгтэй”

АЧАЛА АБЭЙСИНГЭ

Шри Ланкын Ачала Абэйсингэ нь дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөх магадлалтай улсуудын бүлгэм болох Хамгийн Бага Хөгжилтэй Орнуудын бүлгэмийн удирдагчийн уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр хариуцсан хуулийн зөвлөх юм.  “Би 48 улсын төлөө ажиллаж байна, тэд бол дэлхийн хамгийн ядуу, эмзэг улсууд” гэж Абэйсингэ өгүүлнэ. Абэйсингэгийн төлөөлж буй улсуудын олонхи нь COP21-т цөөхөн төлөөлөгчидтэй ирж буй бөгөөд хөгжингүй орнуудын хавьгүй том лоббинуудтай мэтгэлцэх болно. “Эдгээр төлөөлөгчдийн олонхи нь хэлэлцээрт хүчирхэг царай гаргана, эх орондоо буцаж ороод хүмүүст юу болсон талаар ярихдаа ахиад өөр нэг хүчтэй царай гаргах болно. Дотроо харин бид нарт ямар найдвар байна вэ? гэж асууна” хэмээн Абэйсингэ хуваалцав.

03climate-change-portraits

“Уур амьсгалын өөрчлөлт бол сонголт”.

КРИСТИАНА ФИГУЭРЭС

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан том албан тушаалтан болох Кристиана Фигуэрэс нь ажил дээрээ уйлахаас айдаггүй, бас Бейонсегийн “Move Your Body” дуунд хамт ажиллагсадтай нууцаар бүжгийн хөдөлгөөн давтчихдаг. Тэрээр магадгүй түүхэн дэх хамгийн их амжилттай уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр болж мэдэх Парисын уулзалтыг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Коста Рикагийн 1948 оны хувьсгалыг удирдсан тус улсын өмнөх ерөнхийлөгчийн охин болох Фигуэрэс нь дэлхийн дулаарлыг эргүүлж болно гэдэгт хатуу итгэдэг. “Энэ бол бид санхүүгээ яаж шийдэх талаархи сонголт. Энэ бол корпорациуд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төрлийн талаар хийх сонголт. Энэ бол тогтолцооны талаар хийх сонголт. Энэ бол технологийн сонголт” хэмээн Фигуэрэс мэдэгдэнэ.

04climate-change-portraits

“Зарим арлууд хүн амаа нүүлгэхээр өөр орнуудад аль хэдийн газар худалдаж аваад эхэлчихсэн. Энэ жинхэнэ зүйл. Энэ бол айдас. Энэ бүхэн одоо тохиолдож байна”.

ДЭССИМА УИЛЬЯАМС

Гренадын дипломат Дэссима Уильяамс нь НҮБ дэх Гренадын элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд уур амьсгалын төлөө олон жил тууштай тэмцэж байна. “Энэ жил дэлхийн хамгийн халуун жил болж байна. Ахиад улам халуун болно” хэмээн өгүүлэх Уильяамс дэлхийн дулааралд 2 градусын хязгаар тавих нь хангалтгүй гэдгийг дэлхий нийтэд ятган ойлгуулахаар ажилладаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг хүн болгонд хүрч нөлөөлж буй зүйл гэдгийг хараасай гэж хүмүүсийг шавдуулдаг. “Бидний өөрсдийн амьдралын мөчлөг маань одоогийн температурын нөлөөгөөр өөрчлөгдөж, тэгэх тэгэхдээ бүр аюултайгаар өөрчлөгдөж байна” хэмээх ч Уильяамс итгэл өвөрлөсөн хэвээр. “Уур амьсгалын өөрчлөлтийн аймшигтай сүрдүүлгүүд басхүү гайхалтай өөдрөг боломжуудыг дотроо агуулж байдаг, бид ч үүнийг ашиглахыг хичээж байна” гэв.

05climate-change-portraits

“Энэ бол гайхалтай мөч. Бид урьдын шигээ юу ч болоогүй мэт амьдарч чадахгүй.”

ЛОУРЭНС ТУБИАНА

“Бүх зүйл боломжтой юм шиг санагдаж байгаа үе учраас би догдолж байна” хэмээн олон улсын уур амьсгалын хэлэлцээнд Францыг төлөөлж буй Лоурэнс Тубиана хэлнэ. “Оюун ухаан ялж чадна”. СОР21-дэх Тубианагийн үүрэг бол хэлэлцээрийг хэрхэн өрнөж буйг ажиглан, зогсонги үед үйл явцыг цааш үргэлжлүүлэх юм. “Заримдаа би гайхаж бас айдаг, зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөс ч болоод биш, харин дэлхий дээр маш их хүчирхийлэл байгаагаас. Тэгсэн ч, бид үүний эсрэг тэмцэх нь зайлшгүй гэж би боддог. Энэ нь маш их эрч хүч өгдөг” хэмээх тэрбээр “Хүмүүс өөрчлөгдөхөөс айдаг байсан бол одоо тэд айхгүй байна. Энэ л бидэнд буй боломжийн цөм нь” гэж нэмлээ.

06climate-change-portraits

“Төрсөн арал чинь бүрмөсөн үгүй болж, нутаг нэгтнүүд чинь тэнүүчлэх болох вий гэсэн айдлыг сөрөх амаргүй”

КЭТИ ЖЭТНИЛ-КИЖИНЕР

Кэти Жэтнил-Кижинер нь Номхон далайд орших, далайн түвшнээс дунджаар 2 метрийн өндөрт өргөгдсөн 29 шүрэн арлаас бүрдэх Маршаллын Арлуудын Улсад амьдардаг яруу найрагч, уур амьсгалын тэмцэгч юм. Маршаллын арлууд эргийн эвдрэл-нуралт, далайн түвшин нэмэгдэх, шуургын давалгаан, ган гачин зэрэгт гамшигт хүндээр өртсөөр байгаа бөгөөд  ус, хоол хүнсний зүйл хүргэж өгөх яаралтай тусламжийн багуудыг тэвдэхэд хүргэдэг. Жэтнил-Кижинер “Нэг хэсэг хүмүүс одоо өнгөрсөн, энэ бол өнгөрсөн хэрэг, буцаах ямар ч аргагүй, арал бараг л үгүй болчихсон гэцгээж байна. Нөгөө талд, бүх зүйл дуусчихаагүй байна, итгэл найдвар одоо ч бий, үүний төлөө одоо ч тэмцэх боломжтой гэх хүмүүс бас бий. Би бол итгэл найдварыг сонгож байна. Зарим үед итгэхийг хүссэн үлгэрээ сонгох хэрэгтэй болдог шүү дээ” хэмээв.

07climate-change-portraits

“Хэрвээ би залуу байсан бол засгийн газраасаа маш нухацтайгаар “Яагаад анхаарч сонсоогүй юм бэ?” гэж асуух байсан. Компани, корпорациудыг ажиглаж хараад би “Мэдэнгүүтээ та нар юу хийсэн бэ” гэж асууж эхлэх байсан”.

ФАРХАНА ЯМИН

Олон улсын уур амьсгалын хуульч Фархана Ямин 1992 онд Перугийн нийслэл Лимад болсон хамгийн анхны уур амьсгалын хэлэлцээрт оролцож байсан. Дөрвөн хүүхдийн эх болж, 20 хэлэлцээрт орсны дараагаар буцан ирж буй Ямин, Маршаллын арлуудыг төлөөлөн нэг тодорхой мессежтэй иржээ: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрмөсөн зогсооцгооё. “Намайг цэнэглэдэг зүйл бол өөрчлөлт бий болж буйг мэдрэх. Миний ажиглаж буй эдгээр хэлэлцээрүүдэд сүүлийн 10 жил ноёлсон хандлага бол “Чи хийвэл би хийнэ. Чамайг эхэлбэл би хийж эхэлнэ” байсан бол одоо харин “Бүгдээрээ хамтдаа ямар нэг зүйл хийцгээе” болж өөрчлөгдөж байна.

08climate-change-portraits

“Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадах хамгийн сүүлчийн үе нь бид болоод байна”.

РЭЙЧЕЛ КАИТ

Дэлхийн Банк Группын дэд ерөнхийлөгч болоод уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Рэйчел Каит өөрийгөө тэмцэгч, хүнд сурталтны аль аль нь хэмээн хошигнодог. Түүний хүлээсэн үүрэг бол Дэлхийн Банкны өсөлтийн төлөвлөгөөнд ultimate curveball болох уур амьсгалын өөрчлөлтийг уялдуулан оруулах юм. Түүний ажлын юу нь хамгийн хэцүү гээч? “Ажлын маань хамгийн хэцүү хэсэг бол чанга дуугаар хашгирч, уурлахгүй байх, яагаад гэвэл тэгж хашгирч уурлавал хүмүүс юу хэлж байгааг сонсохгүй. Ажлын маань хамгийн хэцүү хэсэг юу вэ гэвэл шинжлэх ухаан юу гэж байгааг тоодоггүй, эсвэл тайлбар нотолгоог сонсохыг хүсдэггүй хүмүүст урам хугарч, дургүй хүрэхгүй байх. Миний ажлын хамгийн хэцүү нь бодитой баримтын эсрэг нотолгоонд тулгуурлаагүй байр сууриа 55 дахь удаагаа давтаж хэлэх хүнийг сонсоод уулзалтыг орхиж гарч чадахгүй байх. Өрөөнд үлдэх хэрэгтэй. Үлдээд тэмцэх хэрэгтэй” хэмээв.

09climate-change-portraits

“Олон улсын гэрээг орлуулах зүйл үнэндээ үгүй. Тийм учраас, энэ жил маш их ач холбогдолтой жил. Засгийн газрууд хөдөлж эхлэх хэрэгтэй байна”.

МЭИ БУФЭ

Жирийн иргэдийн оролцоотой үүсгэн байгуулагдсан, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ажилладаг 350.org байгууллагын гүйцэтгэх захирал Мэи Буфэ нь өнгөрсөн 9 сард болсон түүхэн дэх хамгийн том уур амьсгалын сэдэвт бослого болох Ард Олны Уур Амьсгалын Жагсаалыг (People’s Climate March) зохион байгуулахад тусалсан юм. “Бид нүүрс, газрын тосонд найдан хэтэрхий удаан амьдарсан, үүний үр нөлөө нь бидэнд одоо тусаад зогсохгүй бидний амьдралд  үргэлж нөлөөлсөөр байна гэдэг баримтыг нууж далдлахын хэрэг үгүй” хэмээн Буфэ өгүүлэв. Ард Олны Уур Амьсгалын Жагсаалтын талаар тэрээр “Тэр өдөр бол ямар нэг зүйл өөрчлөгдсөн гэдэгт үнэхээр итгэл төрсөн тийм өдөр байсан. Боломжгүй гэж бодсон зүйл боломжтой болж эхэлсэн” гэв.

 

10climate-change-portraits

“Бид юу ч хийхгүй бол хүүхэд, залуучуудын ирээдүй яах болж байна?”

ПРИШИЛЛА АЧАКПА

Пришилла Ачакпа нь Нигерия улсын байгаль орчны тэмцэгч юм. Эмэгтэйчүүдийн Байгаль Орчны Хөтөлбөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тэрбээр мянга мянган эмэгтэйчүүдэд өдөр тутмын асуудлуудыг байгальд ээлтэйгээр шийдэж болох олон аргуудыг /хогноос гаргаж авсан эрчим хүчээр будааны хивэг үйлдвэрлэдэг машин гэх мэт/ танилцуулаад байна. Ачакпагийн хэлснээр Нигерияд “Уур амьсгалын өөрчлөлт эмэгтэйчүүдэд маш ихээр нөлөөлж байна. Нүүж суурьшихаас өөр аргагүй болсон эрчүүд эмэгтэйчүүдээ үлдээдэг, ингээд хүүхдүүдээ орхиж үлдээгээгүй тэд тэдэндээ өөрсдөө халамж анхаарал тавих болдог…Уур амьсгалын өөрчлөлтийг дээрээс доош чиглэсэн байдлаар шийдмээргүй байна…Доороос дээшээ шийдэл олох хэрэгтэй. Үүний тулд бид шийдвэр гаргах ширээнд байлцах хэрэгтэй” хэмээв.

 11climate-change-portraits

“Уур амьсгалын өөрчлөлт явагдахгүй байгаа мэт, тэгээд ажил хэргээ урьдын л адил үргэлжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн талаархи яриаг зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөр ажилладаг хүмүүст л үлдээх нь нүдний өмнө ил байгаа дохиог уншихгүй байна гэсэн үг”.

ЭЛИЗАБЕТ ИЭМПЬЕР

 

Хэрэв та Нью-Йорк хотод өнгөрөгч намар болсон Ард Олны Уур Амьсгалын Жагсаалд оролцсон бол, эсвэл зүгээр зургийг нь л харсан бол, та магадгүй Элизабет Иэмпьерийн байгууллага болох Uprose-ын хамт олон гартаа наран цэцгийн тэмдэг барин 400,000 хүмүүсийг Америкуудын өргөн чөлөөгөөр удирдан дагуулж явсныг харсан байх. Уур амьсгалын өөрчлөлт америк хүн байх чухам юу болох тухай ойлголтыг өөрчлөөсэй гэж Иэмпьер хүсдэг. “Нэг өрөөнд хамт байж үзээгүй хүмүүс одоо нэг ширээнд ижил тэнцүү сууж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг харж буй энэ өнцөг бидний өдөр тутмын амьдралд ч мөн нэвтрээсэй гэж хүсэж байна” хэмээн Иэмпьер хуваалцлаа.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:30:55 Уншсан тоо:  471

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.