feature-top

Тогтвортой, эрүүл хооллолтод учир бий

Ингэснээр та мөнгөө хэмнэнэ

Одоо цагт хүнсээ цуглуулна гэдэг хэт их мэдээллээс хэрэгтэйгээ шүүх нарийн чадвар шаардах ажил болжээ. Хэтэрхий олон тэмдэг, тэмдэглэгээ, заалт, өнгө, шошго гээд хүнсний барааны гадна талаас нь харж сонголт хийнэ гэдэг ажлаа тараад яарч яваа хүмүүст хэтэрхий төвөгтэй.

 

Хүнс тэжээлийн талаар харьцангуй өндөр мэдлэгтэй нэгэн нь сонгосон барааныхаа найрлага, шим тэжээл гээд бүх мэдээллийг төвөггүй авч тархиндаа боловсруулж сонголтоо хийх чадвартай байдаг бол дийлэнх хүмүүст ийм мэдлэг чадвар дутмаг. Ийм худалдан авагчид ямар сонголт хийдэг гээч? Тэд лангуун дээрх хамгийн үнэтэйг нь сонгоно. Үнэтэй л юм чинь чанартай, бас эрүүл хүнс л байж таараа гэх далд ухамсар нөлөөлж байгаа нь тэр.

gi1

Вашингтон Пост сэтгүүлд нийтлэгдсэн Хэрэглэгчдийн зан төлөвийн талаар судалгаа дараах сонирхолтой үр дүнг гаргажээ. Худалдан авагчдын далд ухамсарт Үнэтэй хүнс=Эрүүл хүнс гэдэг ойлголт  бат суусан байдаг тул ямар ч эргэлзээгүйгээр үнэтэйг сонгож дэмий хохирохоос гадна идэж буй хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд нь яг ямөр нөлөө үзүүлэхийг бүрэн мэдэлгүйгээр авдаг байна.

Энэ үзэгдлийг зан төлөв судлаачид Шийдвэр гаргахад туслагч хүчин зүйл гэж нэрлэдэг бөгөөд аливааг шийдэхэд төрдөг эргэлзээг товчилдог сэтгэлзүйн үйл явц юм. Харамсалтай нь дээрх үнэтэй=эрүүл гэдэг шийдвэр гаргалтыг товчлогч нь худалдан авагчдын халаасыг овоо сайн нимгэлж чадах далд ухамсар болоод байна. Нилээд сонголт сайтай худалдан авагч, мэдээлэл сайтай хэрэглэгч гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрдөг худалдан авагчдын бүлэг ч энэхүү зан төлвийн судалгаанд бүдэрдэг байх нь.

Судалгаанд оролцогчид хэд хэдэн үе шаттай шалгуур давжээ. Эхний шалгуурт хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ болон эрүүл мэндэд тустай эсэх мэдээллийг нууж хэрэглэгчдээр таалгажээ. Үр дүнд нь эрүүл хүнс гэж бодсон бүтээгдэхүүн дээр хамгийн өндөр үнийн дүнг тавьжээ.

Дараагийн сорилд хоёр янзын хавчуургатай талхны аль нь илүү эрүүл болохыг таалгав. Хэрэглэгчид үргэлж арай үнэтэйг нь сонгож байв. Дараагаар нь хоёулангийнх нь үнийг сольсон ч үнэтэйг нь эрүүл гэж сонгосоор байв.

Сүүлийн шалгуурт нэг нь 4 долларын, нөгөө нь 99 центийн 2 төрлийн уурагнаас сонгохыг хүсчээ. Хэдий чанарын хувьд адилхан байсан ч хэрэглэгчид хямд үнэтэй нь нөгөөхтэйгөө адил чанартай байх эсэхэд эргэлзэж байгаагаа нуусангүй.

gi3

 

Асуудлын гол нь үйлдвэрлэгчдэд байгаа юм. Тэд эрүүл гэсэн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг маш гоёмсог сав, баглаа, боодолтой үйлдвэрлээд хэт их нэмэгдэлтэй үнээр зарж сурталчилдаг нь худалдан авагчдад буруу хандлага хэдийн төрүүлжээ. Тиймээс тогтвортой бас эрүүл хүнс нь огтоос нэмэлт ажиллагаа ороогүй, түүхий хүнс буюу аливаа сав, боодол, лаазнаас татгалзаж сурах явдал гэхэд хилсдэхгүй. Эрүүл хооллох үнэтэй гэдэг ч үг үнэн хэрэгтээ хоол хүнсээ өдөр тутамдаа гэртээ гараараа бэлдэж хэрэглэх нь хамаагүй хямд бөгөөд эрүүл байх нь ойлгомжтой. Монголчууд сүүлийн жилүүдэд завгүй болох тусам гадуур бэлэн бүтээгдэхүүнээр хооллох нь нэмэгдсэн тул хүнсээ сонгохдоо дээрх туршилт жишээнүүдийг санахад гэмгүй. Эрүүл хооллох тийм ч хэцүү биш бөгөөд энэ нь таны мөнгийг хэмнэнэ.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:26:44 Уншсан тоо:  89

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.