feature-top

Иргэдийн нөхөрлөлийг удирдан зохион байгуулахад ”Вин-вин” хандлагыг төлөвшүүлэх нь

Иргэдийн нөхөрлөлийг амжилттай хөгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа шаардагддаг. Жирийн ард иргэдийн санал хүсэлт болон төрийн албан хаагчдын хууль эрх зүйн үүрэг хариуцлагыг тусгалгүйгээр төлөвлөсөн арга хэмжээ нь амьдралд хэрэгжихдээ үр дүнгүй, үргүй зардал их гаргадаг сул талтай. Төрийн байгууллага жирийн иргэд аль алины оролцоотойгоор нөхөрлөлийн үйл ажиллагаа амжилттай явагддаг. Иймд гол оролцогчид хамтран ажилласны үр дүнд шийдвэр гаргах хамтын ажиллагаа нь амжилттай нөхөрлөлийн суурь үндэс болж өгнө.

 

Хамтран шийдвэр гаргаж, ялгаа зөрөлдөөнийг зөв зохицуулж, менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх чадвартай баг байх нь хамгийн чухал юм. Үр дүнтэй хамтран ажиллаж чадахгүй байх нь ажлын урам зориг мөхөх болон бусад сөрөг үр дүнд хүргэдэг бол хамтын ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэснээр гишүүд тохиролцоонд хүрч илүү үр ашигтай ажилладаг байна. Байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөг хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэхийн тулд иргэдийн эрх ба төрийн байгууллагын хариуцлагыг харилцан хүндэтгэж аливаа шийдвэрийг дээрх хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр боловсруулж гаргах учиртай.

Хамтын ажиллагаа нь доор дурдсан үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Хамтын менежмент
  • Хамтын төлөвлөлт
  • Иргэдийн оролцоотой үнэлгээ

Дээр дурдсан менежментийн хэлбэрүүд нь талуудын оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн оруулсан хувь нэмрийг үнэлж, нөхөрлөлийг хөгжүүлэх өргөн хүрээтэй санаачлагуудыг дэмжих болно.

Хамтын менежмент гэдэг нь нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлийн зохион байгуулалт, дундын сангийн зарцуулалт, тухайн байгалийн нөөц баялгийг ашиглах зэрэг нөхөрлөлийн бүхий л үйл ажиллагаанд санал өгөх, хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад оролцох эрхээр хангагдсан байх хэлбэр юм. Иргэд , удирдлага, бусад оролцогч талууд  эрх үүргийнхээ зааг ялгааг ухамсарлаж шийдвэр гаргах болон тэгш оролцоог хангаж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулахыг хамтын менежмент гэнэ. Энэ нь нөхөрлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа “дээрээс доошоо” удирдах чиглэлээр биш “доороос дээшээ” удирдан зохион байгуулна гэсэн үг. Хамтын менежментийн үндсэн ач холбогдлууд:

  • Хүчтэй хамт олныг бүрдүүлэх суурь болно
  • Хөдөө орон нутагт санал, мэдээллийг солилцох боломжийг нэмэгдүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлнэ.
  • Нөхөрлөлийн үйл ажиллагаа болон шийдвэрүүд нь бүх гишүүд, оролцогч талуудад ил тод байдаг учраас амжилт, хариуцлагын эзэд тодорхой болдог.
  • Амин хувиа хичээсэн үзлийг арилгаж Вин-Вин хандлагыг бүрдүүлнэ.

“Вин-Вин” хандлага гэж юу вэ?

Энэхүү хандлага нь иргэдийн нөхөрлөлд амжилттай хамтын менежментийг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Вин-вин хандлага нь оролцогч тал бүрт ашиг тустай шийдэлд хүрэх асуудал дээр төвлөрдөг. Вин-вин нөхцлийг бүрдүүлэхэд хамгийн гол анхаарах зүйл бол үйл ажиллагаанд оролцож буй бүх талууд, ялангуяа гишүүд урдаа тавьсан зорилгоо анхаарлыг төвд байлгаж, нэг нь нөгөөгөө өөлөх, хэрэгцээгүй шүүмжлэх, атаархах үзлийг халж, аль болох нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмжих, хүндрэлүүдийг ойлгох, туслах хандлагыг баримтлах нь чухал байдаг. Вин-вин нөхцлийг Монгол хэл дээр хамтдаа ялах гэж орчуулж болох ба энэхүү менежментийн хандлагын давуу талуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлая.

“Вин-вин”: Хамтран зүтгэгч байх уу, өрсөлдөгч байх уу?

Вин-вин зарчим нь өрсөлдөөн эсэргүүцэх харилцааны арга хэмбэрийг хамтын ажиллагааны арга хэлбэрт шилжүүлдэг хүчирхэг, хувь хүний харилцааны соёлын бүрэлдэхүүн юм.

Бид ихэнх тохиолдолд маргалдаанд хэрхэн оролцож байгаагаа хажуугаас харж өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаггүй. Бас сэтгэлийнхээ хөөрлөөр шийдвэр гаргах, маргалдаанд оролцох гэх мэт олон жилийн турш зуршил болсон зангаа орхиход амаргүй байдаг. Шүүмжлэл маргалдааны эцэст ихэнх тохиолдолд бид “хөндий байдал”, эсвэл “би, үгүй бол чи” гэсэн хуваагдмал сэтгэл дэнслүүлсэн бодолд ордогоос бус зөрчилдөөнийг “Хэн хэнийх нь хувьд нааштайгаар шийдвэрлэх өөр арга хэлбэр байна уу?” гэсэн асуудлыг бид өөрсөддөө тавьж чаддаггүй.

Хүмүүс хоорондоо маргалдахдаа, “Үгүй, үүнийг минийхээр хий”, “Үгүй, энэ чинь буруу байна” гэх мэтээр өөрийнхөөрөө зүтгэдэг байдал нь тухайн маргалдаан зөрчлийг ажил хэргийн нэг хэсэг болгохоосоо илүү хүчээ үзсэн зөрчилдөөн болгодог. Тэгвэл вин вин хандлага нь:

Би ялахыг хүсч байна.  Би ажил хэрэгтээ амжилттай байхыг хүсч байна.

Би бас таныг ялаасай гэж хүсч байна. Би бас таныг ажил хэрэгтээ амжилттай байхыг хүсч байна.

гэсэн зарчим дээр хэрэгждэг байна.

 

 

Photo source: www.sven-zellner.de
Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:12:28 Уншсан тоо:  187

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.