feature-top

Төрийн ногоон худалдан авалт

Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын 3.6-д “Ногоон худалдан авалт” гэдгийг “Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт” хэмээн заасан бөгөөд 2020 он гэхэд Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг, 2030 он гэхэд 30-аас доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ авахад зарцуулах тухай заасан.

 

Үүний дагуу төрийн байгууллагуудыг зах зээлд нийлүүлж байгаа ногоон бараа, бүтээгдэхүүний судалгааг хийж 2030 он хүртэл үе шаттайгаар ногоон худалдан авалтад шилжихийг заасан байдаг билээ.  Тэгвэл Ногоон тендер буюу төрийн ногоон худалдан авалт гэж юу вэ?

“Ногоон худалдан авалт” гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэ ба чанарыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзэж сонголт хийхэд оршдог бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг гол арга хэрэгсэл юм.

Ногоон хөгжлийг хэрэгжүүлж буй олон улсын туршлагаас харахад төв, орон нутгийн төсвийн байгууллагууд ногоон худалдан авалт хийх асуудлуудыг төрийн зүгээс хуульчлан тогтоодог бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд түлхэц болдог байна.

Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчны бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүн юм. Ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахин ашигласан материалаар хийсэн бүтээгдэхүүний зах зээл нэмэгддэг. Ногоон бүтээгдэхүүний тоо, үйлдвэрлэл нэмэгдэж байгаль орчинд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, байгаль орчинд тулгамдаж байгаа усны, эрчим хүчний, хог хаягдлын асуудлууд багасах сайн талтай юм.

Ногоон бүтээгдэхүүний үзүүлэлтүүд:

  • Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл бага /амьдралын мөчлөгийн тооцоо ба үнэлгээтэй/
  • Үр ашигтай төлөвлөлт
  • Ашиглалтын үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй
  • Тогтвортой материалаар бүтээгдсэн
  • Агаарын чанарын шаардлага хангасан
  • Хог хаягдал бага үүсгэх
  • Дахин ашиглах боломжтой

Туогтвортой хөгжил буюу тогтвортой эдийн засгийн (sustainable economic development) хөгжлийн анхаарал хандуулдаг гол үндсэн асуудал нь ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал бөгөөд ногоон эдийн засгийг дэмжих талаар улс орнууд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна.

  • Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх
  • Бүтээгдэхүүний ангилал, төрөл тус бүрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
  • Бүртгэлд орсон бүтээгдхүүнүүдийн худалдан авах ажиллагаанд давуу эрх олгох
  • Ногоон буюу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг татварын болон худалдан авалтын бодлогоор дэмжих
  • Олон нийтэд сурталчлах
  • Судалгаа, шинжилгээний зардал, нөхөн олговор олгох, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг болно.

Юуны өмнө төрийн ногоон худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахдаа үндсэн чиглэл, салбаруудаа тодорхойлох нь чухал байдаг. Олон улсын төрийн байгууллагуудын жишгээр нэн тэргүүнд авч үздэг 8 чиглэл байна.

  1. Тээврийн салбар /Зам тээврийн хэрэгсэл болон үйлчилгээ/
  2. Эрчим хүч /Халаалт, гэрэлтүүлэгт ашиглагдаж буй эрчим хүчний зарцуулалт/
  3. Барилга /Ашиглагдаж буй барилгын материал, барилгын талбай дээрх менежмент/
  4. Хоол, үйлчилгээний салбар
  5. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн, үйлчилгээ
  6. Дүрэмт хувцас, бөс бараа
  7. Мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн /зөөврийн болон суурин компьютер, дэлгэц/
  8. Цаас

Эдгээр 8 салбар, үйлчилгээнд харгалзах нарийвчилсан байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдийг Ногоон худалдан авалт хийхдээ харгалзан үздэг бөгөөд тухайн улс орны хууль эрхзүйн орчны бэлэн байдал, ногоон хөгжлийн бодлогоо дэмжих бэлэн байдал зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

Төрийн ногоон худалдан авалтыг хэрэгжүүлэхдээ хийх алхмууд:

gpp1

Төрийн ногоон худалдан авалтын процесс:

 

gpp2
Төсвийн ерөнхийлөн захирагчид болон орон нутгийн төсвөөр хийгдэх бүхий л худалдан авах ажиллагаанд цаашид ногоон худалдан авалтын үйл ажиллагаа нягт тусах нь зайлшгүй юм. Хэрэглэгчид төдийгүй ханган нийлүүлэгчид энэ талаар мэдлэг мэдээлээ нэмэгдүүлж хариуцлагатай худалдан авалтыг бий болгох хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зайлшгүй юм.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:01:30 Уншсан тоо:  183

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.